Афин-1896
1894 онд хуралдсан Олон улсын олимпийн хорооны анхдугаар хурлаар шинэ үеийн олимпийн анхдугаар наадмыг эртний түүхт Афин хотноо зохион байгуулахаар тогтсон билээ. Энэ мэдээг Грекийн ард түмэн, хэвлэл мэдээлэл, ихэс дээдсүүд тухайн үедээ ихэд найртай, талархан хүлээн авсан ч тун удалгүй, энэ том наадмыг зохион байгуулна гэдэг тийм амар биш гэдэг нь харагдаж эхэлжээ. Эхний асуудал бол мэдээж өнөөх хөрөнгө, мөнгө. Хэдийгээр Грекийн хаан, ханхүү Константин нар олимпийг зохион байгуулахад бүх талаар туслахаа амлаж байсан ч 19 -р зууны сүүлээр улс төрийн ихээхэн хямралтай байж таарсан ба шинээр гарч ирсэн ерөнхий сайд олимпийг зохион байгуулах шаардлагагүй гэсэн байрнаас хандаж, үүнийгээ хэтэрхий их хөрөнгө мөнгө шаардагдах учир улс орны эдийн засагт хямрал үүсгэнэ гэх мэт хэд хэдэн үндэслэлээр батлахыг оролдож эхлэв.
Байдал ийнхүү буруу тийшээ эргэснээр бүх ачаа өнөөх л Кубертен, Викелас хоёр дээр буух нь мэдээж. Мань хоер даруйхан арга хэмжээ авч эхэлсэн ба 1985 оны 1 сард Грекийн ханхүү Константинийг зохион байгуулах хорооны дарга болгожээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай. 1-рт ханхүү олимпийг эхнээс нь л тууштай дэмжиж байсан цорын ганц нэр нөлөөтэй нэгэн, мөн түүний нэр хүнд улс орондоо нэлээд их, мөн ард олныг өөртөө их татдаг зэргийг харгалзжээ. Грекийн ард түмнээр олимпод хандив өргүүлэх санааг тэр л гаргасан. Энэ ажил нь урагштай болж 330.000 драхма (ойролцоогоор 41.000 $), дараа нь Их наадамд зориулсан тусгай марк гарган түүнээс 400.000 драхма (50.000$), мөн тасалбарын үнэнээс нийт 200.000 драхма (25.000$) цуглуулж чадсан юм. Ажил ингэж урагштай бүтсэн нь ханхүүгийн нэр нөлөөнөөс гадна Кубертен, Викелас нартай ч салшгүй холбоотой гэдгийг дурьдах нь илүүд байх. Гэхдээ л 100% зохион байгуулахад 3 сая орчим драхма хэрэгтэй гэсэн тооцоог өмнө нь гаргасан байсан тул дээрх цуглуулсан мөнгө хаанаа ч хүрэхгүй нь мэдээж. Төсөвлөсөн хөрөнгийн ихэнх нь шинэ цэнгэлдэх барихад зарцуулагдах байсан болохоор болох цаг нь улам дөхсөөр байснийг ч хэлэх үү зохион байгуулагчид тун сандруу байтал ашгүй нэгэн сайхан мэдээ тэдний сонорыг мялаалаа.
Грекийн нэртэй бизнесмен Жорж Аверофф, өөрийн биеэр Константин, Кубертен нар дээр ирж 1 сая драхмаг наадмын зохион байгуулалтад хандивлах хүсэлтэй буйгаа хэлж мөн Афин дахь хуучин Панатинайко цэнгэлдэхийг засч янзлахаа хэлжээ. Мэдээж уухайн тас хүлээн авсан зохион байгуулах хорооныхон сүүлд энэ ноёнтны өгөөмөр сайхан сэтгэлийн хариу болгож цэнгэлдэхийн гадаа хөшөө босгосон нь одоо ч байдаг ажээ.
Сонирхуулахад олимпийн бэлтгэл ажилд зарим тамирчид ч оролцож байсан ба жишээлбэл Британий зарим тамирчид л гэхэд элчин сайдын яамандаа ажилладаг байсан аж.
Мөн 1932 оны олимп хүртэл тамирчдын байрлах тусгай байр буюу олимпийн тосгон гэж байгуулдаггүй байсан учир тамирчид өөрсдийн авчирсан майхандаа л хоноглодог байжээ.
Одоогоос 100 гаран жилийн өмнөх олимп гэдэг, өнөө үеийнхтэй харьцуулшгүй байх нь ойлгомжтой наад зах нь техник хэрэгсэл гээд л. Ихээхэн бодсоны эцэст Кубертен Грекийн ханхүү Жоржийг ерөнхий шүүгчээр томилсон ба энэ нь түүний нэр хүнд болон хээл хахуульд идэгдэхгүй, мөн шийдвэр нь хүчтэй байх зэргийг харгалзсан үзсэн нь дамжиггүй бизээ.
”Миний бие хамгийн анхны олимпийн наадам Афинд нээгдсэнийг мэдэгдэж байна. Грекийн ард түмэн мөнх наслаг, бүх үндэстэн мөнх наслаг” энэ үгийг 1896 оны 4 сарын 6-ны өдөр Афин дахь Панатинайко цэнгэлдэхэд цугларсан 80 орчим мянган хүний өмнө Грекийн хаан мэдэгдсэнээр хүн төрөлхтний анхны их баяр наадам эхэлж байсан түүхтэй.
Дараа нь 150 орчим найрал дуучид олимпийн сүлд дууг дуулсан ба ер нь 1958 онд Самарасын зохиосон албан ёсны Олимпийн сүлд дууг зохиогдох хүртэл олимп болгоны нээлтэд элдэв янзын дуу эгшиглэдэг уламжлалтай болчихоод байсан гэдэг.
Сонирхуулахад дөнгөж 1928 оны олимпоос л анхны бамбар бадамлаж эхэлсэн бол 1920 оноос анх тангараг өргөдөг болжээ.
Хөнгөн Атлетик
Дугуй
Туялзуур жад
Гимнастик
Буудлага
Усанд сэлэлт
Теннис
Хүндийг өргөлт
Бөх
эдгээр 9 спортын төрлөөр Афины анхдугаар олимп явагдсан ба сэлүүрт завины төрөл багтаж байсан ч цаг агаарын улмаас явагдаагүй ажээ.
1896 оны 4 сарын 6-ны өдөр АНУ -н тулгууртай харайлтын тамирчин Жеймс Конноли шинэ цагийн олимпийн анхны аварга болж түүхэнд нэрээ үлдээжээ.
Хэдийгээр тухайн үедээ зарим орнууд бусад их гүрнүүдийн колони хэвээр байсан ч оролцсон үндэстэн болгоныг тус тусад нь тэмдэглэхээр ОУОХ шийджээ.
Бусад баримтууд :
оролцсон орон : 14
оролцсон нийт тамирчид : 241 (эмэгтэй – 0 ,эрэгтэй – 241)
9 спортын 43 төрлөөр тамирчид хурд хүчээ сорьжээ.
Ингээд наадмын сүүлчийн өдөр Грекийн хаан бүх тамирчид, албан ёсны хүмүүсийг цуглуулан томоохон цайллага хийж ,14-нд хаалтын үйл ажиллагаа явагдах ёстой байтал, үргэлжилсэн их борооны улмаас маргааш хүртэл хойшлуулахаас өөр арга байсангүй. Хаалтын үйл ажиллагаан дээр мэдээж Грекийн алдарт найрал дуучид дуугаа дуулж урлагийн тоглолт явагдсаны дараа, аваргуудад медалийг нь гардуулсан. Гэхдээ тэдгээр медалиуд нь өнөөгийнх шиг алт, мөнгө, хүрэл байсангүй. Түрүүлсэн тамирчдад мөнгөн медаль, чидун модны навч, диплом, хоёрт орсонд нь зэс медаль, лаврын лавч, харин гуравдугаар байранд орсонд нь медаль өгөөгүй сонирхолтой түүхтэй.
Тэр үедээ дараагийн олимпийг хаана зохион байгуулах талаар бас хөөрхөн зөрчилдөөн болоод байв. Грекийн хаан бусад хүмүүс ихэнх нь 4 жилийн дараа дахин эндээ олимпийг хийхийг дэмжиж байсан бол Кубертен үүнийг хүчтэй эсэргүүцлээ. Эцсийн эцэст ямар ч байсан Пьер де Кубертен дийлж 1900 онд Парист хоёр дахь Олимпийг хийхээр тогтжээ.
Медаль хүртсэн орнууд :
(та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс алт, мөнгө, хүрэл гэж бичлээ)
1. АНУ – 11 алт ,7 мөнгө ,2 хүрэл
2. Грек – 10 алт ,17 мөнгө ,19 хүрэл
3. Герман – 6 алт ,5 мөнгө ,2 хүрэл
4. Франц – 5алт , 4 мөнгө ,2 хүрэл
5. Их Британи – 2 алт ,3 мөнгө ,2 хүрэл




Зохион байгуулалт









