Парис 1900


Афиний зуны олимпийн анхдугаар наадам амжилттай дууссаны дараа грекчүүд цаашид “Олимпийн наадмыг Грект байнга зохион байгуулж байх тухай” асуудал дэвшүүлж, хууль гаргахыг санал болгож байжээ. Гэвч Олон Улсын Олимпийн Хороо олимпийн наадмыг гагцхүү олон улсын хүрээнд ардчиллын үндсэн дээр явуулах байр суурийг баримталжээ. Зуны олимпийн хоёрдугаар наадмыг 1900 онд Парис хотноо зохиохоор ОУОХ шийдвэрлэсэн нь Пьер де Кубертиний Олимпийн хөдөлгөөнд оруулсан гавьяаг нь үнэлсний нэг илрэл гэж үздэг. Францын зохион байгуулагчдын зүгээс олимпийн наадмыг Дэлхийн үзэсгэлэн худалдаатай хамтатган зохион байгуулах нь олимпийн наадмыг сурталчлан дэлгэрүүлэх, спортод өгөөжтэй арга хэмжээ болно гэж үзжээ. Гэтэл үнэн хэрэгтээ дэлхийн энэ хоёр том арга хэмжээг хамтатган явуулсан нь олимпийн наадмын хувьд төдийлэн сайнаар нөлөөлсөнгүй. Энэ нь олимпийн наадам хэтэрхий удаан хугацаанд үргэлжилсэн (5-р сарын 14-нөөс 10-р сарын 28), наадмын хаалтын ажиллагаа болоогүй, тамирчид шагналаа жилийн дараа шуудангаар хүлээж авсан зэргээр тайлбарлагддаг байна.

Зуны олимпийн хоёрдугаар наадамд 21 орны 1330 тамирчин (эмэгтэй 11), 16 спортын 86 төрөл зайд 264 медалийн төлөө өрсөлджээ. Тус наадамд анх удаагаа эмэгтэй тамирчин оролцсон байна. Олимпийн наадамд оролцогч улс орны тоо эрс нэмэгдэж Испани, Итали, Канад, Куба, Нидерланд, Норвеги, Гайти болон Ази тивийн анхны төлөөлөгч Энэтхэгийн баг тамирчид анх удаагаа оролцжээ. Хоёрдугаар наадмын хөтөлбөрт спортын олон шинэ төрлүүд нэмэгдэж орсны дотор хөлбөмбөг, сэлүүрт болон далбаат завь, морин спорт, дүүгүүр шидэлт зэрэг төрлүүд нэмэгдэж цаашид олимпийн спортын төрөл болон хөгжжээ.

Зуны олимпийн II наадамд АНУ-ын хөнгөн атлетикчид өндөр амжилт үзүүлж, 24 алтан медалийн 17-г нь авч үзэгчдийн талархал хүлээжээ. АНУ-ын тамирчин Алвин Крейнцлейн гурван өдрийн дотор хөнгөн атлетикийн төрлүүдээс дөрвөн алтан медаль хүртсэн бол АНУ-ын тамирчин Рэй Эври байрнаас уртад харайх, өндөрт харайх, гурвын харайлтад тус тус алтан медаль, Ирвин Бэкстер (АНУ) харайлтын тэмцээний төрлүүдээс 2 алт, 3 мөнгөн медаль тус тус хүртжээ.

Алвин Крейнцлейн

АНУ-ын хөнгөн атлетикч Алвин Крейнцлейн Зуны олимпийн хоёрдугаар наадмын баатраар тодрохдоо: 60 метрт 7,0 секунд гүйж дэлхийн рекорд, 110 метрийн халхалттай гүйлтэд 15,4 секунд гүйж олимпийн рекорд тогтоосон бол уртын харайлтад 7 м 18 см харайж олимпийн анхдугаар наадмын рекордыг 83 см-ээр ахиулсан нь Парисийн олимпийн наадмын нэгэн дуулиан болжээ.

Парисийн Зуны олимпийн хоёрдугаар наадамд эмэгтэйчүүд теннис, гольфийн төрлөөр өрсөлдсөнөөс Их Британий теннисчин Чарьлот Купер олимпийн наадмын анхны эмэгтэй аваргаар тодорчээ.

Зуны олимпийн хоёрдугаар наадамд оролцсон тамирчид олимпийн рекорд амжилтыг 14 удаа, дэлхийн рекорд амжилтыг 6 удаа шинэчлэн тогтоосон байна.

Медалийн хүснэгт

Байр Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 Франц (зохион байгуулагч) 26 41 34 101
2 АНУ 19 14 14 47
3 Их Британи 15 6 9 30
4 Холимог баг 6 3 3 12
5 Швейцарь 6 2 1 9
6 Бельги 5 5 5 15
7 Герман 4 2 2 8
8 Итали 2 2 0 4
9 Австрали 2 0 3 5
10 Дани 1 3 2 6
Илгээх:
  • Facebook
  • Twitter
  • LinkedIn
  • PDF

Холбоотой мэдээллүүд

  • Холбоотой мэдээлэл байхгүй байна