Австрийн ҮОХ-ы генсек Олимпик Хаусд айлчиллаа
Налгар зуны наадамтай өдрүүдэд Монголыг зорих жуулчдын тоо эрс ихэсдэг билээ. Энэ зун Австриас чамгүй олон жуулчид ирж Монгол орны сайхан байгалийг үзэх зорилго агуулж буйн дотор Австрийн Үндэсний Олимпийн Хорооны ЕНБД Петер Меннел байлаа.
Тэрээр өнөөдөр Олимпик Хаусд албан бус айлчлал хийж, түүнийг МҮОХ-ы дэд ерөнхийлөгч Ц.Дамдин хүлээн авч уулзлаа. Доктор Петер Меннел ирэх өдрүүдэд Монгол орныг өрнөөс дорно, өмнөөс умардын чиглэлд хөндлөн гулд хоёр дугуйтаар туулах гэнэ. Түүний аяллын багийн бүрэлдэхүүнд Австрийн Төв банкны дэд захирал, нэртэй банкирууд багтсан ажээ.
Доктор Петер Меннел нь ҮОХ-ныхоо ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаа аваад 50 хүрэхгүй хоног болж буй бөгөөд цанын чиглэлээр мэргэшсэн, Европын цанын холбооны ерөнхий санхүүч, Европын Олимпийн холбооны соёл, урлаг, боловсролын комиссийн гишүүний сонгуульт ажлыг хийдэг аж.












