П.М.Карамлак эргэн ирлээ
1960-аад оны үеэд Монголд орчин үеийн бөхийн спортыг анхлан нэвтрүүлэгчдийн нэг, самбо бөхийн пионер ЗХУ-ын мэргэжилтэн П.М.Карамлак ажиллаж байлаа. Тэр монголд самбо, жүдо бөхийн үрийг цацаж, түүнийг цацсан үр өнөөгийн түвшинд хүртэл ургажээ.
Өчигдөр МҮОХ-ны Олимпик Хаусд П.М.Карамлак болон түүний Монгол шавь нар уулзалт хийлээ. Тэрээр 1971 оны наадамд зодоглож 4 давж, начны даваанд шороодож байсан тухайгаа ярьж, Монголын жүдо дэлхийд хүчтэй болсныг бахдан өгүүлж байлаа.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдсон жүдо бөхийн Дэлхийн цомын тэмцээнд Украйны шигшээ багийн дасгалжуулагчийн хувиар оролцохоор тэр ирсэн нь энэ ажээ.
Карамлак багш 1970-1972 онд Монголын жүдо, самбо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар Ч.Машбат гавьяатын хамт ажиллаж байсан бөгөөд энэ нь түүний багшлах ажлын гараа байжээ.















