Сингапурын сониноос
Аварга бодлоо өөрчлөв
Олимпийн аварга маань түрүүчийн ярилцлагадаа алтан медалийнхаа бай шагнал 40 сая төгрөгөө аваад, “ХААН” банкиндаа хадгална гэж байснаа бас бодлоо өөрчлөв. Тэрбээр шагналын мөнгөөрөө аавдаа орон сууц авч өгөхөөр шийдсэн гэнэ. Тэднийх гэр хороололд байдаг тул олон жил нүүрс ухсан аавыгаа охины хувьд халамжилж, тавтай амьдруулахаар дотроо бодсон бололтой. Санаа зөв бол, заяа зөв өө…
Ширээний теннисний “Басхүү”
Монголын бас нэгэн “орлогч” гишүүн, ширээний теннисний олон улсын шүүгч Энэбишийн Мөнхбилэг энд ажилдаа ханцуй шамлан ороод байна. Тэрбээр таван таван хошуу бүхий “Файрмонт” буудалд бууж, “Сингапур Индоор Стадиум” гэдэг ордонд олон тоглолтыг хянан шүүсээр байна. Сингапур-2010 өсвөр үеийнхний олимпийг шүүж буй цорын ганц монгол шүүгч маань цаашдаа энэ чиглэлээрээ тууштай ажиллан, теннисний “Басхүү” болох болтугай!
Дариагийн догдлол, “Делика”-гийн олз
Олон улсын гимнастикийн холбоо (FIG)-ны урилгаар Монголын гимнастикийн холбооны генсек Ч.Дарьсүрэн, МҮОНТ-ийн сурвалжлагч “Делика” хэмээх Д.Батжаргал нар монголчуудын сүүлийг мушгин “Арслан” хотод хөл тавив. Зураглаач-урлаач хоёрынхоо үүргийг ганцаар гүйцэтгэж буй Дорнод талаас ирсэн Доржсүрэнгийн хүү түүртэхгүй гүйцэтгэж байгаа бол байгалиас авьяастай ганц тамирчин хүүгээ сэтгэл санааны хувьд дэмжихээр Дариа ажаа сэтгэл гэгэлзэн явнам. Хамгийн сонирхолтой нь хөвгүүдийн 55 кг-ийн алтан медалийн төлөө барилдаанд Чехийн бөхийг дэмжиж байсан нутгийнх нь ах эгч нар, түүнийг алтан медаль хүртсэнд баярласандаа хажууд нь бичлэг хийж байсан “Делика”-д гар утсаа бэлэглээд гарч оджээ. Ийм алга тэнийдэг европ хүн гэж байдаг аа. Ийнхүү саяхан утсаа ээлжит удаагаа эвдээд байсан Батжаа хүү чех жүдочийн ачаар цоо шинэ гар утсаар “зэвсэглэлээ” сэлбэлээ…
Өсвөр үеийнхний олимпийн өмнөх салбар олимпууд
Анх 1998 онд Москва хотноо Дэлхийн хүүхдийн спортын наадам зохиогдож, МҮОX-ны генсек Б.Гансүх ахлагчтай баг тамирчид Кремлийн зүг мордож билээ. Тус наадмаас жүдо бүхийн тамирчин Дондогдоржийн Жавхлантөгс жүдогийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, анхны албан бус олимпийн медальтнаар тодорч байсныг түүх гэрчилнэ. Тэр үед ОУОХ-ны ерөнхийлөгч Х.А.Самаранчийн онцгой зөвшөөрлөөр таван цагаригийг тус наадмын логонд ашиглуулсан нь эхний бөгөөд эцсийн удаа болсон юм. Түүнээс хойш олимпоос бусад аль ч наадамд ОУОХ-ны эмблемийг үл хэрэглүүлж, олимп нэр өгөхийг тас хориглосон гэдэг. Түүнээс гадна манай хүүхдүүд Сахад болдог “Азийн үр сад” наадамд тогтмол оролцож, медалийн арвин ургац хураасныг бид мартаагүй.
Арвин түүхтэй залуу багш Г.Галаа
Усанд сэлэлтийн багийн дасгалжуулагч Г.Галбадрах одоогос яг арван жилийн өмнө “Сидней-2000” олимпод тамирчнаар оролцож байсан бол өдгөө Эрдэнэтийн хоёр шавийнхаа “уяа сойлгыг” тааруулан сууна. Тэр үед манай спортын түүхэнд анх удаа усанд сэлэлтээр олимпод оролцсон намтар эхэлж, түүнтэй хамт эмэгтэй сэлэгч Алтантуяа мөн Австралийн “цэнхэр зам”-аар мөрөө гаргасан билээ. Галаа маань бас 1993 онд 19 настайдаа “Шанхай-93” зүүн Азийн анхдугаар наадамд Бадрах багшийнхаа удидлагаар гурван андын хамт анх удаа оролцсон Монголын багийн ахмад тамирчин. Ингэхээр залуу дасгалжуулагч Галаа түүхийн олон үйл явдлын гэрч ажгуу.
Элсэн дээр барилдаж дурсгалын хүрэл медаль зүүв
Сингапурын олимпийн наадмын үзүүлэх тэмцээн элсний бөхийн барилдаан Сентоза аралд болж, хүнд жинд улсын начин Б.Адьяхүүгийн шавь Э.Оюунболд хүч сорив. Их спортын дэвжээнд гаргасан алдаагаа энэ удаа зассан өсвөрийн бөх таван тойрог барилдахдаа АНУ, Канад, Шинэ Зеланд, Энэтхэгийн бөхчүүдийг ялж, Өмнөд Африкийн Ш.Андерест ялагдсанаар хүрэл медалийн болзол хангасан байна. Түүнийг ялсан өнгөт тамирчин цаашдын барилдаанд ч өвдөг шороодолгүй түрүүлжээ. Элсний наадмын аварга Энх-Амгалангийн дараа эх орондоо хоёр дахь медалийг хилийн чанадаас залуучуудын олимпийн тугч авчирлаа. Халуун тивийнхэн ноёрхсон элсний барилдаанд Зүүн Африкийн бөхчүүд ийн илүүрхсэн нь нэгийг өгүүлэх. Дашрамд дурдахад Э.Оюунболд үндэсний бөхөөр өндөр амжилт гаргаж, 2009 оны төрийн наадмын хүүхдийн барилдааны шөвгийн дөрөвт үлдэж, энэ жилийн цагаан сарын барилдаанд түрүүлсэн удаатай.
Дараагийн олмпийн сураг
“ С и н г а п у р -2010” тун амжилттай үргэлжилж буй энэ үед Ж.Рогге нүүр дүүрэн инээмсэглэж, Олимпийн наадам хариуцсан захирал Гилбэрт Фэлли сэтгэл тайван алхаж байна. Харин 2018 оны өсвөр үеийнхний олимпийн наадмын төлөө Латин Америк, Африк, Азийн 16 орон нэрээ дэвшүүлэхээр төлөвлөж байгаа талаар тэрбээр мэдээлэв. Харин 2016 оны залуучуудийн өвлийн наадмын төлөө ганцхан Норвегийн Лиллехаммер гараа өргөжээ. Дашрамд дурьдахад, 2014 оны өсвөр үеийнхний олимпийн наадам БНХАУын Нанжинд, өвлийнх нь 2012 онд Австрийн Инсбрук хотод тус тус болно.
Хоолондоо хордов
Хоолны хордлого зөвхөн манайд бус, өндөр хөгжилтэй Сингапурт ч бас байна шүү. Триатлон, бадминтоны тэмцээн болсон газар ажилласан “Сингапур-2010”-ын зохион байгуулах хорооны 21 ажилтан, сайн дурынхан зөөврийн хоолонд хордсон байна. Одоогоор холбогдох газрууд хамтарсан нарийн шалгалт хийж буй бөгөөд тэр өдөр нийт ийм маягийн 3000 савласан хоолоор үйлчилсэн боловч өөр асуудал гараагүй гэнэ. Хорин долоонд Монголд ирэх таныг
Хорин дөрөвний найранд Дорноговьд урья!
Саяхан буудлагын дэлхийн аварга шалгаруулах залуучуудын тэмцээнээс анхны алтан медаль хүртсэн охин Хонгорзулын эцэг Л.Цагаандалай төрсөн нутаг Дорноговийн Өргөн сумандаа мэргэн буучийн нэрэмжит бэсрэг наадам хийхээр шийдвэрлэжээ. Аймагт морь нь түрүүлсэн уяач хэд хоног найрладаг атал дэлхийд түрүүлсэн охинтой, Монголд алдаршсан нэвтрүүлэгтэй Л.Цагаандалай, түүний охиныг “МОН-ЛАА” компани, нутгийн зөвлөл, анд нөхөд нь халуунаар дэмжихээ илэрхийлжээ. Европынхон дандаа бидний овог, нэрийг сольж бичдэгийг овжин ашигласан эрхэм сэтгүүлч маань “Х.ЦагаандалайМongolia, #2739” гэсэн Олон улсын буудлага спортын холбоо (ISSF)-ноос хуваарилсан энгэрийн дөрвөлжин даавуун зүүлтийг нандигнан хадгалж, хүн ирмэгц байнга үзүүлж бахархан, хөөрөг солилцдог болсон гэнэ.Хамгийн сонирхолтой нь энэ сарын 24-нд болох найрандаа Л.Цагаандалай буюу “Беломор” хэмээн нэрлэгддэг редактор маань “Сингапур-2010”-т томилолтоор яваа мэргэжил нэгт нөхөддөө урилга илгээсэн сурагтай. Мань хүн тэднийг 26, 27-ноос нааш ирэхгүй гэдгийг сайтар мэдэж байсан нэгэн бөлгөө… Дорноговь тооцоо гэж…
Буриадын зуун хувийн амжилт
Энд Буриадаас хоёр тамирчин ОХУ-ын багийн бүрэлдэхүүнд иржээ. Чөлөөтийн олимпийн аварга Алдар Балжиннямаевийн талаар бид түрүүн мэдээлсэн бөгөөд нөгөөх нь байт харваач Болот Цебжитов хүрэл медалийн төлөө Словений С.Рэйхийг 83:75-аар ялж, III байрт шалгарчээ. Ийнхүү Байгаль нуураар нутагтай, ах дүү Буриадын хоёр тамирчин алт, хүрэл медалиар энгэрээ мялаан, Москвагийн амжилтад хувь нэмрээ оруулж, 100% амжилт үзүүлсэн нь бахархалтай. “Сингапур-2010”-ын аварга А.Балжиннямаев Улаанбаатар хотноо зохиогдсон Монгол Туургатны Спортын наадамд оролцон түрүүлж байсан хүүхэд гэнэ.
Азтай охин
ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магваны дараа буюу наймдугаар сарын 21-нд Олимпийн тосгонд төрсөн өдрөө тэмдэглэсэн азтан бол спортын гимнастикч Д.Соёлсайхан. Тэрбээр баярын ширээний хойморт заларч, амтат бялууны 15 лааг үлээсэн дэггүй жаал. 1995 оны наймдугаар сарын 21-нд Улаанбаатарт мэндэлсэн энэ охин дөрвөн жилийн өмнө спортын цагаан толгой гимнастикт дурлан, улмаар Ч.Энхтүвшин багшийнхаа удирдлагад тусгай секцинд хичээллэжээ. Түүний амжилт богино хугацаанд дээшилж, өсвөрийн УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медалиар олон удаа энгэрээ мялаан, хойд хөршид болдог ОУТ-д амжилттай оролцсон байна. Уйгагүй хөдөлмөр, үеийнхнээсээ тасарсан өндөр амжилтынхаа хүчээр тэр олон охидын дундаас өсвөр үеийнхний олимпод хүч сорихоор шалгарсан билээ. Соёлоогийн мэргэжсэн төрөл дамжуурга, харайлт, чөлөөт хөдөлгөөн. Тэрбээр биеийн тамирын дунд сургуулийн наймдугаар ангийн сурагч бөгөөд ирээдүйд гимнастикийн дасгалжуулагч болохийг мөрөөддөг аж. Дашрамд дурьдахад түүний аав нь БНСУ-д, ээж нь Улаанбаатарт ажиллаж хөдөлмөрлөдөг. Аавыгаа маш их санаж байна, мундаг тамирчин болчихоод эцэг эхийгээ баярлуулах юмсан гэж Соёлоо санаашрангуй хэлсэн юм.
Монгол нисэгч кувейтуудийг хүргэж ирэв
Хэдийгээр Кувейтийн ҮОХ одоогоор ОУОХ-ны эгнээнээс түр хасагдаад байгаа ч ОУОХ-ны туган доор цөөхөн тооны тамирчдад “Сингапур-2010”-д оролцох эрх олгожээ. Азийн олимпийн зөвлөл (ОСА) байрладаг Кувейт улс ийнхүү тамирчдаа хохироон дотоод асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаад харамсаж буйгаа тэдний усанд сэлэлтийн багийн дасгалжуулагч Али Бдали өгүүлж байлаа. Харин 17 настай кувейт хүү 50 м-ийн араар даллах сэлэлтээр хүрэл медаль хүртэн, ах нарынхаа нүглийг цайруулжээ. Мөн ОСА-гийн Генерал Дирэцтор Хусайн Ал-Муссалам MҮОХ-ийнхонтай тааралдаад Кувейтээс Сингапур хүртэлх нислэгийг Монголын иргэн, өдгөө “Кувейт Эйрвэйз”-т хүчин зүтгэж буй Б.Ганбаатар нисгэгч гүйцэтгэснийг зориуд мэдээлэв. Хусайн ч бас өөрөө олон улсын нисэгч билээ.
Йорданы 17 настай баатар
Йорданы тэквондогийн тамирчин Дана Туран шигшээд ялагдсаныхаа дараа маш их “баярлав”. Учир нь тэрбээр Йордан улсын бүхэл бүтэн олимпийн түүхэнд анхны олимпийн мөнгөн медальтнаар тодорч буй баатар гэнэ ээ. Түүнд Йорданы ҮОХ-ны ерөнхийлөгч, Йорданы ханхүү Фейсал Ал-Хусайн биечлэн баяр хүргэж, нутагтаа очсон хойно нь мөнгөн шагнал, их сургуулийн үнэгүй эрхийн бичиг амласан байна.
Алсыг хардаг арван нэгт
Сингапурын Англи-Хятад дунд сургуулийн сурагч, 11 настай Николас Лох одооноос алсын хараатай бизнесмэн болох шинжтэй. Тэрбээр тэмцээн үзэхийн сацуу медальт тамирчдын гарын үсгийг улайран цуглуулж байна. Тэрбээр “Эд нар хэдхэн жилийн дараа дэлхийн од манлай тамирчид болохоор нь би үүнийг өндөр үнээр зарж, машин худалдан авах болно,.Та нар харж л байгаарай!” гэж үе тэнгийнхэндээ нухацтай хэлжээ. Ийм хүнийг олимпийн маркетингд ажиллуулах юмсан.
Хамгийн сүсэгтэй нь Д.Энхбаатар багш
Жүдоч О.Дөлгөөний багш Д.Энхбаатар тун шүтлэгтэй нэгэн. Өглөө маань, үдэш бурхны ном сонсдог тэрбээр “Сингапур-2010” олимпийн Монголын багийн хамгийн сүсэг бишрэлтэй дасгалжуулагчаар тодроод байна. Шавьдаа ч гэсэн энэ чанараараа сүрхий нөлөөлж байгаа бөгөөд жүдогийн өмсгөлөө хаана тавих, медалиа хэрхэн дээдлэх гээд л бүгдийг зааж сургадаг аж. Мөн тэмцээний өмнө зураг авахуулахаас Энхбаатар багш тун цэрвэдэг гэнэ. Дасгалжуулагчдын араншин гэж…
Арслан хот дахь монгол зоог
Сингапур улсад дэлхийн бүх төрлийн хоолны газар байх шиг. Харин Жаргал хэмээх нэгэн монгол эмэгтэй “Кореан Фүүд” гэсэн хоолон гэрийн цэсэнд монгол амттанаа хавчууулаад авчээ. Тэнд бууз, хуушуур, цуйван, гурилтай шөл гээд л монгол үндэсний хоол олон төрөл байгаа бөгөөд утсаар захиалга өгөөд л болоо гэнэ. Тэрбээр Монголын багийн хүүхдүүдийг эзэмшил зоогийн газраа урьсан бөгөөд манай багачууд урилгыг хүлээн авч, гэрийнхээ хоолыг амтархахаар тэсч ядан хүлээж байна.
Усан спортын шинэ цэргүүд
Арслан хотын цэнхэр замд загас шиг сэлсэн монгол тамирчид бол усан спортын олон улсын тэмцээний туршлага тун нимгэн хүүхдүүд. Э.Сүрэнням охин энэ удаа хилийн чанадын тэмцээнд анх удаа өрсөлдсөн бол Өлзийбадрах хоёр дахиа хүч сорив. Сүрэнээгийн хувьд үнэхээр туршлага дутаж 100 м-ийн далайн гахай сэлэлтэд гараан дээр алдаа гаргаснаар хасагдсан юм. Ихэвчлэн 25 метрийн усан санд бэлтгэл хийж байгаад 50 м-т уралдахад тун хэцүү байснаа тэр нуусангүй. Түүний хамтрагч Өлзийбадрах нь усан замд хурд сориод 10 дахь жилтэйгээ золгож, энд ирэхээсээ өмнө Бээжинд болсон ОУТ-д л оролцжээ. Өсвөр үеийнхний анхдугаар олимп цаашдын ОУТ-ий дуудлага болсныг өгүүлсэн тамирчин хөвгүүн БНХАУ-ын Чун-Чиний их сургуулийн архитекторын ангид энэ жилээс тэтгэлгээр суралцах ажээ.
Өсвөр үеийнхний олимпийн үнэ цэнэ
Энэ жил 15 настай, гимнастикийн заалыг гэрэлтүүлж буй орос охин Викториа Комова өрсөлдөгчдөөсөө толгой илүү ур чадвартай байгааг мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэж байна. Гэвч Олон улсын гимнастикийн холбоо (FIG)-ны дүрмээр тэрбээр ирэх аравдугаар сард болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох эрхгүй билээ. Учир FIG зөвхөн 16 наснаас эхлэн уг тэмцээнд оролцуулахыг зөвшөөрдөг дүрэмтэй. Тиймээс өсвөр үеийнхний олимийн наадам түүний хувьд ямар үнэ цэнэтай болох нь тодорхой. FIG-ийн текникийн хорооны дарга, олимпийн аварга Нелли Ким түүнийг одоо томчуудтай үзэлцсэн ч толгой өвдөхгүй хэмээн хэлсэн удаатай.
Баян багш
Наадмын билэгдэл сахиус арслангийн зулзага Мэрли, Лё нар маш их гүйлгээтэй байна. Гэтэл лхагва гаригт БНХАУ-ын дасгалжуулагч Ли ганцаараа найман хайрцагт багтах 48 хос том размерийн маскот худалдан авч бүгдийг нь дуусгажээ.Тэрбээр билгэдэл сахиусны төлбөр 3830 сингапур доллар төлсөн бөгөөд урамшуулал байхгүй тул тус дэлгүүр түүнд зөвхөн үнэгүй хүргэж өгсөн байна.
Аавын баяр
ӨАБНУ-ын Дурбан хотоос нисч ирсэн Ц.Жабб зүлэгний хоккейн тэмцээнд хүч сорьж буй охиноо дэмжихээр нисэх буудлаас шууд хотын төв руу давхижээ. Гэтэл тасалбар аль хэдийнэ дуусч, мань эр азаар ганцыг олсноор ӨАБНУ-БНСУ-ын тоглолтыг үзсэн байна. Хэдийгээр нутгийнх нь баг солонгос охидуудад 1:3-аар хожигдсон ч ганц гоолыг төрсөн охин нь оруулсанд давхар баярлажээ. Зургаан алтны эзэн Шанхай хотын Тунжи их сургуулийн оюутан Тан-И олимпийн зургаан алтан медалийн эзэн болж, 1988 оны Сөүлийн олимпийн баатар, түүний герман “эгч” К.Оттогийн амжилтыг давтав. Залуу усчин маань бас 2008 оны Бээжингийн олимпийн “утаа” үнэрлээд авсан бөгөөд 4х100 метрийн өврөөр даллах сэлэлтийн буухиад уралдан, IV байрт шалгарч байжээ. БНХАУ-ын багийнхүү 35 алтаас 11-ийг нь зулгааж, харин усаар алдартай АНУ ганц алт, хоёр мөнгөтэй нутаг буцах нь. Учир нь Сэм авгынхан нэгдүгээр шигшээгээ Хавайд болж буй Номхон далайн сав нутгийн аварга шалгаруулах тэмцээн руу илгээж, “Сингапур-2010”-ийг “доош нь хийжээ”.















