Олимпийн өдрийг өргөн дэлгэр тэмдэглэлээ

June 24, 2011 by  
Filed under Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

1894 оны энэ өдөр Францын Барон хэргэмт Пьер де Кубертиний санаачилгаар Олон Улсын Олимпийн Хороо байгуулагдах шийдвэр гарч, эртний олимпийн наадмыг сэргээн орчин үед даян дэлхийн улс түмэн спортоор тэмцэлдэх наадмыг зохион байгуулахаар болсон юм. Энэхүү хурлын шийдвэрээр 1896 онд орчин үеийн олимпийн анхны наадмыг эртний олимпийн өлгий Грекийн Афин хотод зохион байгуулахаар болсон билээ. 1940, 1944 оны олимпийн наадамд дэлхийн 2-р дайны улмаас харамсалтайгаар тасалдсан юм. Эртний үед дайн байлдааныг зогсоон олимпийн наадмаа хийдэг байсан уламжлал алга болсныг ОУОХ бэлгэдлийн журмаар болиулах зорилгоор 1948 онд хуралдсан хурлаараа дэлхий даяар 6 сарын 23-ныг орчин үеийн олимпийн төрсөн өдөр хэмээн үзэж “ОЛИМПИЙН ӨДӨР” хэмээн зарласан билээ. Read more

Иван Цонов арав хоног чөлөөтийнхний тархийг цэнэглэнэ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олон улсын олимпийн эв санааны нэгдэл, Монголын Үндэсний Олимпийн Хороо, Монголын Чөлөөт бөхийн холбоо хамтарсан дасгалжуулагч нарын сургалт өнөөдөр эхэллээ. Семинарыг Болгарын чөлөөт бөхийн алдарт тамирчин асан, өдгөө Олон Улсын Бөхийн Төрлүүдийн Нэгдсэн Холбооны эксперт Иван Цонов удирдан явуулах юм. Иван Цонов нь тамирчин ахуйдаа 1988 оны Сөүлийн олимпийн наадамд 48 кг-ийн жинд мөнгөн медаль, 1992 онд Европын аварга цол хүртэж байжээ. Онол, дадлага хосолсон уг семинар 6 сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд 50 гаруй багш хамрагдаж байгаа юм.

Олимпийн өдрийн нэрэмжит явган аялал зохион байгуулагдлаа

June 19, 2011 by  
Filed under Дотоод, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олимпийн өдрийг тэмдэглэх нэг сарын аяны хүрээнд МҮОХ, Монголын Адал Явдалт Спорт, Аяллын холбоотой хамтран “Хүн байгаль-Хөдөлгөөн эрүүл мэнд” сэдэвт явган аяллыг зохион байгууллаа. Аяллын нээлтийн үйл ажиллагаанд МҮОХ-ны ерөнхийлөгч Ц.Дамдин, МАЯСАХ-ы ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Дамдин нар оролцлоо. Явган аялалд 200 гаруй хүн оролцсон бөгөөд МҮОХ-ны байрнаас Хар усан тохой чиглэлд болсон юм. Явган аялалд оролцсон шилдэг 50 аялагчийг МҮОХ-ны нэрэмжит шагналаар урамшууллаа.

“Лондон-2012”-ын бамбарын загварыг танилцуулав

June 13, 2011 by  
Filed under Лондон 2012, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Загвар зохион бүтээгч Эдвард Барбер, Жеем Осгерби нарын урласан “Лондон-2012”-ын бамбарын загварыг олон нийтэд танилцуулав. Гурав дахь удаагаа Будант Альбионы нийслэлд тохиох гэж (1908, 1948) олимпийг бэлгэдэн бамбарыг гурван талт конус маягаар урлажээ.

Энэ нь мөн “Citius, Altius, Fortius” хэмээх олимпийн уриаг давхар бэлгэдэж байгаа гэнэ. Алт лугаа шижиртэн гялалзах энэхүү бамбар бүх дэлхийг гийгүүлнэ гэсэн давхар утгатайн сацуу 8000 нүх нь бамбарт буухиад оролцох хүмүүсийн тоог илэрхийлэл. Хүчтэй салхи, шуурганд тэсвэртэй, -5 хэмийн хүйтэнд ч гал унтрахгүй байх бүх л талыг бодолцон хийсэн аж.

Лондоны олимпийн бамбар 2012 оны тавдугаар сараас эхлэн, 70 өдрийн турш Их Британийн нутаг дэвсгэр дээгүүр өртөөлөхдөө 12800 гаруй км замыг туулах билээ.

Бээжингийн олимпийн амжилтаа бататгана гэдгээ дасгалжуулагч, тамирчид амлалаа

June 6, 2011 by  
Filed under Дотоод, Лондон 2012, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

“Лондон 2012” олимпийн наадам эхлэхэд 421 хоног үлдлээ. Тиймээс энэ богинохон хугацааг амжилттай төлөвлөж олимпийн бэлтгэл ажлыг улам эрчимжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны ээлжит хурлын үеэр үүрэг болголоо. Ерөнхий сайдын тэргүүлдэг тус хороо Төрийн ордонд хуралдсан юм. Хурлыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэлэхдээ, Монгол Улсын Засгийн газраас спортыг хөгжүүлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлж, улсаас Үндэсний шигшээ багийн цалин, бэлтгэл цугларалт, тэмцээн, эм витаминжуулалт, хувцас хэрэглэл, материал худалдан авах зардалд 2009-2011 онд 3,2 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан.

Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн тамирчдад 2011 он гарсаар 168 сая 300 мянган төгрөгийн шагнал олгоод байгааг тэмдэглэлээ. Үндэсний шигшээ багийн тамирчид энэ оны эхний зургаан сарын байдлаар тив дэлхий, олимпын эрхийн болон олон улсын тэмцээнээс 106 медаль авснаас Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, хөнгөн атлетикийн тамирчин Б.Сэр-Од, Л.Отгонбаяр нар Лондонгийн олимпод оролцох эрх авсан амжилтыг Монгол Улсын Ерөнхий сайд сайшаагаад тэдний араас олон шилдэг тамирчид олимпийн эрхээ авна гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

ОНБҮХ-ны ажлын төлөвлөгөөг батлахтай холбоотойгоор тус хорооны гишүүд, спортын холбоодын удирдлагууд саналаа хэлж, асуулт хариулт хэлбэрээр хурал үргэлжилсэн. Тэнд санал хэлсэн хүн болгон Засгийн газраас спортын салбарт онцгой анхаарал тавьж буйд талархаж байлаа. Тухайлбал, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч, ардын багш, Ч.Насантогтох “Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаа учир манай тамирчид оролцъё гэсэн тэмцээн уралдаан болгондоо оролцож чадаж байгаа. Одоо 18 тэмцээнд оролцох дутуу. Олимпийн эрхийн тэмцээнүүдэд амжилттай оролцож, олимпын эрх арваас дээшийг авна гэдгээ амлаж байна. Мөн Бээжингийн олимпод авсан алтан медалиа бататгахын төлөө зүтгэнэ” гэлээ. Мөн “Энэ Засгийн газрын үед Орхон аймагт олимпын сайхан баазтай болсон. Баазын ахуй хангамжийг сайжруулмаар байгаа” гэсэн саналаа тэрбээр уламжилсан юм.

Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Би та нартай ижил энэ салбарт олон жил зүтгэж яваа. Сүүлийн жилүүдэд Засгийн газар спортын салбарт онцгой анхаарал тавьж байгаа. Би олон жил гадаад, дотоодын тэмцээн уралдаанд оролцсон, ингэж төр зардлыг нь дааж байгаагүй. Олон ч тэмцээн уралдаанаас шагнал авсан ч төр засгаас ингэж мөнгөн шагнал авч байгаагүй. Төрийн энэ их хайр халамжийг манай тамирчид амжилтаар хариулах учиртай. Үүний тулд зохион байгуулалттай, сахилга баттай, ёс зүйтэй байхыг тэрбээр ахмад тамирчны хувиар зөвлөсөн билээ.

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд УИХ-ын гишүүн байхдаа Б.Бат-Эрдэнэ болон нэр бүхий хэдэн гишүүнтэй хамтран Бээжингийн олимпод бэлтгэхэд шаардлагатай 2 тэрбум төгрөгийн төслийг УИХ-аар батлуулсан. Тухайн үед спортын салбарт ийм их хэмжээний мөнгө зарлагадлаа гэж шүүмжлэх хүмүүс байсан ч үүний үр дүн гарч Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, Б.Баатаржав Монголын ард түмний 44 жил хүлээсэн алтан медалийг эх орондоо авчирсан. Яг үүн шиг тодорхой төсөл боловсруулж ажиллахыг Олимпод бэлтгэх үндэсний хорооны тэргүүн, Ерөнхий сайд С.Батболд хорооны гишүүддээ зөвлөсөн юм.

Мөн тэрбээр холбоодуудын хэлсэн саналыг ажлын төлөвлөгөөнд тусгаж, нааштайгаар шийдвэрлэх болно гэдгээ илэрхийлээд тамирчид, дасгалжуулагчдадаа санхүүгийн хувьд Засгийн газар цаашид ч дэмжлэг үзүүлнэ. Харин та бүхнийг сэтгэл зүрхээрээ дэмждэг ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулаарай. Бээжингийн олимпын буухиаг Лондонд үргэлжлүүлэх учиртай. Амжилтын 90 хувь нь бэлтгэл сургуулилалт байдаг гэдгийг хорооны гишүүд болон Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, спортын холбоодын удирдлагуудад анхаарууллаа. Тус хурлаас Олимпийн наадамд бэлтгэх үйл ажиллагаанд нэмэлтээр шаардагдах 850 сая төгрөгийг 2011 оны төсвийн тодотголд, 3,4 тэрбум төгрөгийг 2012 оны төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Сангийн сайд С.Баярцогт нарт зөвлөсөн тогтоол гаргалаа.

Мөн хурлын үеэр 2010 онд тивийн наадам, тив дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж, 46 тамирчин, 18 дасгалжуулагчдад шагналыг нь гардуулаа. Мөн Олимпын наадамд бэлтгэх үндэсний хорооны 2011 оны ажлын төлөвлөгөөг баталж, “Олимп хөгжил” сангийн Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан юм. Тус зөвлөлийг “Лондон-2012 олимп”-ийн тамирчдын багийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд ахлахаар боллоо. Мөн энэ үеэр Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжийг танилцуулав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

“Лондон-2012” олимпийн наадмын тамирчдын хөтөлбөр зарлагдлаа

June 3, 2011 by  
Filed under Лондон 2012, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олон Олимпийн Эв Санааны Нэгдэл, Монголын Үндэсний Олимпийн Хороо хамтран “Лондон-2012” олимпийн наадамд зориулсан “Тамирчны хөтөлбөр” хэрэгжүүлж буйгаа өнөөдөр Олимпик Хаусд зарлалаа. Энэхүү хөтөлбөрт зургаан спортын төрлийн 11 тамирчин хамрагдаж байгаа бөгөөд олимпийн наадам хүртэл тусгай тэтгэлэх хүртэх юм. “Тамирчны хөтөлбөр”-ийг 2000 оноос МҮОХ хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хамгийн сүүлд Бээжингийн олимпийн наадамд 8 тамирчин уг хөтөлбөрт хамрагдаж байлаа. Уг найман тамирчин бүгд эрхээ авч, улмаар хоёр нь буюу Э.Бадар-Ууган алт, О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэж байсан юм. Тухайн үедээ уг хөтөлбөр нь Олон Улсын Олимпийн Хорооноос хамгийн сайн хэрэгжсэн хөтөлбөрийн нэгээр тодорсон билээ.  Өнөөдөр уг арга хэмжээнд тэтгэлэгт хамрагдсан тамирчид, холбоодын удирдлагууд, шигшээ багийн дасгалжуулагч нар оролцож тэтгэлгийн дээжээс хүртлээ.