МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН Н.ТӨГСЦОГТ 4-Р САРЫН ШИЛДЭГ НЬ

May 10, 2012 by  
Filed under Пресс релиз

CITIUS, ATLIUS, FORTIUS

 

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн  жилийн 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Манай шалгаруулалтанд өнгөрсөн сараас эхлэн МҮОХ-ны Алтан түнш “Рио Тинто” компани хамтран ажиллах болсон билээ.

Анхны шалгаруулалтанд амжилтаараа манлайлсан 5 тамирчин өрсөлдөж Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба 10-р сарын шилдгээр тодорсон юм. Харин 11-р сарын шилдэг тамирчнаар Нидерландын Амстердам хотноо болсон Жүдо бөхийн Гран При тэмцээний -78 кг-ийн жинд аваргалсан ОУХМ П.Лхамдэгд мөн тодорсон удаатай. Тэгвэл 12-р сарын шилдэг тамирчнаар манай шалгаруулалтанд 2 дахь удаагаа нэр дэвшсэн, Монголын спортын отгон гавьяат тамирчин марафоны спортын тамирчин Б.Сэр-Од Японы марафонд 2 дахь жилдээ дараалан түрүүлсэн амжилтаар тодорсон билээ. 2012 оны анхны сарын шилдэг тамирчнаар Жүдо бөхийн Мастерсийн тэмцээнд 2 дахиа түрүүлсэн ОУХМ С.Мияарагчаа, харин хоёрдугаар сарын шилдгээр мөн л жүдогийн тамирчин С.Ням-Очир, харин гуравдугаар сарын шилдэг сумогийн ертөнцөөс анх удаа тодорч, амжилттай барилдсан Какүрюү М.Ананд  олонхийн саналаар тодорсон юм.

Тэгвэл 2012 оны 4-р сарын шилдэг тамирчнаар Монгол улсын гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Нямбаярын Төгсцогт тодорлоо. Тэрээр өнгөрсөн сард Казахстаны Астана хотноо болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд амжилттай оролцон өрсөлдөгчдөө ээлж дараалан илт давуу буулган авсаар Лондон явах тийзээ өвөртөлсөн юм. Тэрбээр эхний даваанд Азийн наадмын аварга Филиппиний Рей Салударыг хоёрдугаар үед буулган авч, 16-д үлдсэн. Тоглолтын явцад өрсөлдөгчийнх нь дасгалжуулагч тамирчнаа гэмтэхээс сэргийлэн алчуур шиджээ. Энэ үед Н.Төгсцогт 10:3-аар илүүрхэж байсан юм. Улмаар дараагийн даваанд Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Энэтхэгийн Суранжой Сингхийг 30:10-аар илт илүүр хэж, шилдэг наймд шалгарч, олимпийн эрхийн төлөө хариуцлагатай тулаанд Пакистаны Мухаммад Васимийг 22:9-өөр хожсон. Нэгэнт эрхээ авсан залуу гавьяат удаах даваанд Японы Кацүаки Сусаг 14-6-аар ялсан.

Н.Төгсцогт Монголын спортын нэгдсэн сайт SPORTNEWS.MN сайтаар дамжин авсан үзэгч, хөгжөөн дэмжигчдийн санал болох онлайн санал асуулгыг болон комиссын гишүүдын санал асуулгаас нийт 46% хувийн саналыг цуглуулж чаджээ. Ингэснээр боксын тамирчдаас сарын шилдэг болсон хоёр дахь тамирчин болсон юм.

Харин 2-р байрт жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр дахь жилдээ дараалан түрүүлсэн П.Лхамдэгд 22 хувийн саналаар орлоо. Тэрбээр өнгөрсөн оны 11-р сард сарын шилдгээр тодорч байсан билээ.

Сарын шилдэг тамирчин болсон Н.Төгсцогт болон нэр дэвшсэн бүх тамирчиддаа халуун баяр хүргэе!

Шалгаруулалтын дэлгэрэнгүй дүн болон нэр дэвшигчдийн танилцуулга, сонгох зарчмыг хавсралтаас харна уу.

Хүндэтгэсэн:

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧНЫ ШАЛГАРУУЛАЛТЫН ДҮН

Комиссын дүн

МҮОХ – Н.Төгсцогт

Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо – Н.Төгсцогт

UBS телевиз – Н.Төгсцогт

Рио Тинто – П.Лхамдэгд

www.sportnews.mn – Д.Отгонцэцэг

Онлайн шалгаруулалтын дүн

  1. Н. Төгсцогт (бокс) – 32%
  2. П.Лхамдэгд (Жүдо) – 24%
  3. П.Өнөрбат (чөлөөт бөх) – 10%
  4. М.Уранцэцэг (Жүдо) – 9%
  5. О.Бурмаа (чөлөөт бөх) – 9%
  6. Д.Отгонцэцэг (чөлөөт бөх) – 7%
  7. Б.Түвшинбат (бокс) – 6%
  8. С.Бямбацэрэн (чөлөөт бөх) – 3%

Нийт дүн: *

  1. Н. Төгсцогт (бокс) – 16% + 30 % = 46 %
  2. П.Лхамдэгд (Жүдо) – 12% + 10 % = 22 %
  3. Д.Отгонцэцэг (чөлөөт бөх) – 3.5% + 10% = 13.5%
  4. П.Өнөрбат (чөлөөт бөх) – 5%  + 0% = 5%
  5. М.Уранцэцэг (Жүдо) – 4.5% + 0% = 4.5%
  6. О.Бурмаа (чөлөөт бөх) – 4.5% + 0% = 4.5%
  7. Б.Түвшинбат (бокс) – 3% + 0 = 3%
  8. С.Бямбацэрэн (чөлөөт бөх) – 1.5% + 0% = 1.5%

 

 

 

 

 

/*-дүгнэх журмыг хойноос үзнэ үү/

ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД

МУГТ Очирбатын Бурмаа: БНХАУ-ын Таньюань хотноо болсон “Лондон 2012” Зуны Олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн  тэмцээний 72 кг-ийн жинд түрүүлэн, алтан медаль хүртэж, олимпийн наадамд оролцох эрхээ авсан.

ОУХМ Сүндэвийн Бямбацэрэн: БНХАУ-ын Таньюань хотноо болсон “Лондон 2012” Зуны Олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн  тэмцээний 55 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж, олимпийн наадамд оролцох эрхээ авсан.

ОУХМ Пүрэвдоржийн Лхамдэгд: Узбекистаны Ташкент хотноо болсон Жүдо бөхийн Ази тивийн АШТ-д 2 дахь жилдээ дараалан түрүүлж, Азийн аварга болсон.

 

 ОУХМ Даваасүхийн Отгонцэцэг: БНХАУ-ын Таньюань хотноо болсон “Лондон 2012” Зуны Олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн  тэмцээний 48 кг-ийн жинд түрүүлэн, алтан медаль хүртэж, олимпийн наадамд оролцох эрхээ авсан.

ОУХМ Пүрэвжавын Өнөрбат: БНХАУ-ын Таньюань хотноо болсон “Лондон 2012” Зуны Олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээний 74 кг-ийн жинд түрүүлэн, алтан медаль хүртэж, олимпийн наадамд оролцох эрхээ авсан.

МУГТ Нямбаярын Төгсцогт: Казахстаны Астана хотноо болсон “Лондон 2012” Зуны Олимпийн наадмын эрх олгох боксийн тэмцээний 52 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж, олимпийн наадамд оролцох эрхээ авсан.

 

ОУХМ Бямбын Түвшинбат: Казахстаны Астана хотноо болсон “Лондон 2012” Зуны Олимпийн наадмын эрх олгох боксийн тэмцээний 69 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж, олимпийн наадамд оролцох эрхээ авсан.

 

ОУХМ Мөнхбатын Уранцэцэг: Узбекистаны Ташкент хотноо болсон Жүдо бөхийн Ази тивийн АШТ-ий 48 кг-ийн жинд түрүүлж, Азийн аварга болсон.

 

 

САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Сар бүрийн шилдэг тамирчид ирэх сарын эхний долоо хоногт тодрох бөгөөд шилдгийг дараах зарчмаар тодруулдаг

 

1.       Онлайн санал асуулга (Вэб хуудас, бусад онлайн хэрэгслээр санал авах) – нийт саналын 50 хувь

2.       Сарын шилдгийг дүгнэх комисс (Хамтрагч байгууллага бүрээс нэг нэг төлөөлөгч) – нийт саналын 50 хувь

Olympic highlights #8: 78 days to go: сарын шилдэг, чөлөөт бөх, 29 дэх эрх, олимпийн бамбар …

May 10, 2012 by  
Filed under Лондон 2012, Пресс релиз

CITIUS, ATLIUS, FORTIUS

Olympic Highlights #8

“London 2012”

Олимп эхлэхэд 78 өдөр үлдлээ

Дөрөвдүгээр сарын шилдэг тамирчин Н.Төгсцогт

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн  жилийн 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Анхны шалгаруулалтанд амжилтаараа манлайлсан 5 тамирчин өрсөлдөж Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба 10-р сарын шилдгээр тодорсон юм. Харин 11-р сарын шилдэг тамирчнаар Нидерландын Амстердам хотноо болсон Жүдо бөхийн Гран При тэмцээний -78 кг-ийн жинд аваргалсан ОУХМ П.Лхамдэгд мөн тодорсон удаатай. Тэгвэл 12-р сарын шилдэг тамирчнаар манай шалгаруулалтанд 2 дахь удаагаа нэр дэвшсэн, Монголын спортын отгон гавьяат тамирчин марафоны спортын тамирчин Б.Сэр-Од Японы марафонд 2 дахь жилдээ дараалан түрүүлсэн амжилтаар тодорсон билээ. 2012 оны анхны сарын шилдэг тамирчнаар Жүдо бөхийн Мастерсийн тэмцээнд 2 дахиа түрүүлсэн ОУХМ С.Мияарагчаа, харин хоёрдугаар сарын шилдгээр мөн л жүдогийн тамирчин С.Ням-Очир, харин гуравдугаар сарын шилдэг сумогийн ертөнцөөс анх удаа тодорч, амжилттай барилдсан Какүрюү М.Ананд  олонхийн саналаар тодорсон юм.

Энэ сарын санал асуулгад өмнөх шалгаруулалтуудаас хамгийн олон буюу 8 хүн тэнцүүхэн өрсөлдлөө. Үзэгчид болон тусгай комиссийн гишүүдийн дунд явуулсан санал асуулгад олимпийн эрх олгох тэмцээнд таарсан өрсөлдөгч бүрээ илт давуу явсан Н.Төгсцогт 42 хувийн саналаар тэргүүлж энэ сарын шилдэг нь болсон юм. Удаах байруудыг Азийн хошой аварга болсон П.Лхамдэгд, чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээнд түрүүлж, Лондон явах тийзээ авсан Д.Отгонцэцэг нар эзэлжээ.

Олимпийн 29 дэх эрхийг Д.Сумъяа авлаа

Олон улсын жүдо бөхийн холбоо урьд шөнө эрхээ авсан нийт жүдочдийн нэрсийг зарлалаа. Манай улсаас эрхээ шууд авсан найман жингээс гадна нэг жинд Азийн холбооноос эрх авах байсан юм. Энэхүү эрхийг 57 кг-ийн жинд барилддаг ОУХМ Д.Сумъяад олгохоор шийджээ. Д.Сумъяа нь Монгол улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одын шавь бөгөөд багшийнхаа зуун дамнан босоо байсан жинд ийнхүү олимпийн наадамд зодоглохоор боллоо. Тэрбээр олимпийн эрх олгох тэмцээнүүдээс нийт 350 оноо цуглуулж, жиндээ 27-д бичигдэж байсан юм. Гол оноонуудаа өнгөрсөн өвөл болсон Европын цуврал тэмцээнүүдээс авсан билээ. Та бүхэн Монголоос олимпийн эрх аваад буй жүдочдын нэрсийг үзнэ үү.

Чөлөөтийнхэнд чөлөө гарахгүй нь

Хэдхэн хоногийн өмнө Финляндын Хельсинк хотноо олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд оролцоод ирсэн чөлөөт бөхийнхэн ирэх амралтын өдөр Монголын бүх ард түмний спортын наадамд оролцоно. Тэмцээн 5 дугаар сарын 11-13-ны хооронд Спортын төв ордонд болох бөгөөд гуч гаруй байгууллагын 200 гаруй тамирчин хүч үзэх юм. Энэхүү тэмцээний гол онцлог нь олимпийн эрхээ аваад буй эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрвөн жингийн тамирчдын олимпод шалгарах гол шалгуур нь болох юм. Олон улсын чөлөөт бөхийн холбооноос олимпийн эрхийг хүнд нь бус улсад нь өгч буй билээ. Тэмцээний хуваарийг доороос үзнэ үү.

Тавдугаар сарын 11, Баасан гариг

12.00-17.00   Эмэгтэй 51, 59, 67 кг, эрэгтэй 55, 74 кг-ийн жингүүдийн

урьдчилсан болон дагах барилдаан

17.00-17.30   Тэмцээний нээлт

17.30-20.00   Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

            Тавдугаар сарын 12, Бямба гариг

12.00-19.00   Эмэгтэй 48, 63 кг, эрэгтэй 60, 84, 96 кг-ийн жингүүдийн

урьдчилсан болон дагах барилдаан

Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Тавдугаар сарын 13, Ням гариг

12.00-19.00   Эмэгтэй 55, 72 кг, эрэгтэй 66, 120 кг-ийн жингүүдийн

урьдчилсан болон дагах барилдаан

Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Олимпийн бамбар Ариун Элладад бадамлан аслаа

“Лондон 2012” зуны олимпийн гучдугаар наадмын бамбарын галыг эртний олимп явагдаж асан Олимпия уулын хормойд асаалаа. Нарны гэрлийг ашиглан галыг асаадаг бөгөөд эртний Грекийн Зевс бурхнаас хулгайлж байна хэмээн бэлгэддэг юм. Олимпия уулын Хера бурхны сүмийн хажууд болсон уг ёслолд Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Жак Рогге, Лондоны олимпийн зохион байгуулах хорооны дарга Лорд Себастьян Коэ, Грекийн олимпийн хорооны хүндэт төлөөлөгчид тэргүүтэй 5000 гаруй хүн уг ёслолд оролцсон юм. Бадамлан ассан олимпийн гал ирэх долоо хоногийн турш Грек улсаар аялж, Их Британид шилжинэ. 5 сарын 19-нөөс эхлэн Их Британий бүх муж, аймгаар дамжин өртөөлөх юм. Ингээд 7 сарын 27-нд олимпийн цэнгэлдэхэд залрах билээ. Өнөөдөр бамбарын аяллын хамгийн анхны түүчээ нь усанд сэлэлтийн дэлхийн аварга Грекийн уугуул, Их Британийн суугуул Спирос Гианнитос байсан бол удаах өртөөчид нь мөн л Грек гаралтай Англи тамирчин Алекс Лукос, харин дараа нь Рио де Жанейро 2016 олимпийн наадмын зохион байгуулагчид барьж гүйх юм. (фото зургийн цомгийг www.facebook.com/teammongolia хуудаснаас үзнэ үү)

 

Эмэгтэй боксчид эрхийн төлөөх тулаанаа эхэллээ

Хятадын нийслэл Бээжингээс дорно зүгт 300 км-ийн зайд орших Чинхуандао хотноо эмэгтэй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Саяхан Улаанбаатар хотноо болсон Азийн АШТ-нд түрүүлсэн Т.Болортуул (48 кг), Э.Уянга (64 кг) болон М.Нандинцэцэг (51 кг), О.Сувд-Эрдэнэ (60 кг) нар энэхүү тэмцээнд оролцох бөгөөд Монголын багийн ахлагчаар Монголын олимпийн боксын холбооны Ерөнхийлөгч Ч.Ганзориг, дасгалжуулагчаар Л.Энхбаатар, н.Нармандах, эмчээр Т.Цэрэнжав нар ажиллах юм.

Энэхүү тэмцээнд олимпийн буюу 51 кг, 60 кг, 75 кг-ийн жингүүдэд эхний найман байр эзэлсэн тамирчдад олимпийн эрх олгоно. Баг тамирчид маргааш жингээ үзүүлэн, сугалаагаа татах аж.

Монгол сэтгүүлч хоккейн ДАШТ-ийг сурвалжилж байна

Энэ өдрүүдэд Финландын Хельсинки, Шведийн Стокгольм хотуудад мөсний хоккейн дэлхийн аварга шалгаруулах 76 дахь удаагийн тэмцээн үргэлжилсээр байна. Тус тэмцээнийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Сато хэмээх Ч.Отгонбаатар сурвалжилж байгаа бөгөөд түүний мэдээ, сурвалжлагыг “Таван цагариг” сонин, www.sportnews.mn вэбсайтаар уншигч сонирхогчдын хүртээл болгож байгаа ажээ. Тэрээр хоккейн ДАШТ-ээс өмнө Хельсинкид болсон чөлөөт, сонгомол барилдааны олимпийн эрх олгох барилдааныг сурвалжилж, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар, залуу мастер О.Үйтүмэн нар олимпийн эрхээ биелүүлсэн мэдээг монголчууддаа хамгийн түрүүнд хүргэсэн билээ.

Зураг дээр: Ч.Отгонбаатар Зөвлөлтийн домогт хаалгач, Оросын хоккейн холбооны ерөнхийлөгч В.Третьякийн хамт

 

Олимп, паралимп 2020 он хүртэл хамтдаа

Олон улсын олимп болон паралимпийн хөдөлгөөн нь хэдийгээр тусдаа үйл ажиллагаатай, үзэл баримтлалтай ч өөрсдийн наадмыг хамт зохион байгуулж ирсэн билээ. Хоёр талын хамтарсан шийдвэрээр 2020 он хүртэл олимпийн наадам болон паралимпийн наадмыг нэг хотод зохион байгуулах шийдвэр гаргасан байна. Дашрамд дурдахад Лондонгийн олимпийн наадам 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 12 хүртэл үргэлжлэх бол паралимпийн наадам 8 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 9-нийг дуустал явагдана.

Olympic highlights #7: 79 days to go: бамбар, Тийм Монголия үдэшлэг, тасалбар

May 10, 2012 by  
Filed under Лондон 2012, Пресс релиз

CITIUS, ATLIUS, FORTIUS

Olympic Highlights #7

“London 2012”

Олимп эхлэхэд 79 өдөр үлдлээ

Олимпийн бамбар Говьсүмбэр аймагт шилжлээ

Монголын үндэсний олимпийн хорооноос орон даяар “Таван цагаригийн бат холбоо” уриан дор өртөөлүүлэн аялуулж буй бамбар 4-р сард Дорноговь аймгаар бүтэн аялсны эцэст Гавьсүмбэр аймагт шилжлээ. Бамбарыг шилжүүлэх ёслолын ажиллагаа Дорноговь аймгийн Сайншанд хотын төв талбайд болж, Дорноговь аймгийн засаг даргын орлогч Ж.Галбадрах , ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны Олимп судлалын төвийн захирал Ж.Баасанхүү, 1968 оны олимпийн наадмын хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, аймгийн нийгмийн хөгжил, бодлогын хэлтсийн дарга, бамбар аялуулах комиссийн дарга Э.Энхжаргал, Дорноговь “Лондон” олимпийн зөвлөлийн дарга Я.Дорж, Дорноговь аймгийн БТСГ-ын дарга Ш.Гантулга, Говьсүмбэр аймгийн нийгмийн хөгжил, бодлогын хэлтсийн дарга н.Баяржаргал, олимпийн зөвлөлийн арга зүйч Б.Буянтогтох  нар оролцлоо. Өнгөрсөн 4-р сарын турш олимпийн бамбар Дорноговь аймгаар аялахдаа бүх сургууль, албан байгууллагаар аялж, олимпизмийг түгээн таниулжээ.

 

Олимпийн багийн үдэшлэг Лондон хотноо боллоо

Монголын үндэсний олимпийн хороо, “Тийм Монголия” төрийн бус байгууллага, Монгол улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух элчин сайдын яам, Их Британид амьдардаг монголчуудын холбоо хамтран “Монголын багаа дэмжье” арга хэмжээ Лондон хотноо боллоо. Лондон хотноо амьдардаг монголчуудыг олимпийн наадмын үеэр багаа нэгдсэн журмаар дэмжих, тэдэнд олимпийн уур амьсгал бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Монгол улсаас ИБУИНВУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн наадмын мөнгөн медальт О.Гүндэгмаа, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат тэргүүтэй Монголын буудлагын шигшээ баг, Монгол улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, дасгалжуулагч О.Оюунтуяа болон МҮОХ-ны төлөөлөгчид оролцлоо.

Үдэшлэгийн үеэр МҮОХ-ны дэмжиж буй “Тийм Монголия” төслийг (төслийн зохицуулагч Б.Баясгалан) албан ёсоор Англид суугаа монголчуудад танилцуулснаас гадна, МҮОХ-ны мэргэжилтэн Б.Хосбаяр,  Англид суугаа монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат нар олимпийн наадамд Монголын баг хэрхэн бэлдэж буй, олимпийн наадамд багаа хэрхэн дэмжих талаар яриа хийсэн юм.

Энэхүү арга хэмжээнд цугласан 120 гаруй хүн “Лондон 2012” олимпийн наадмын медалийг үзэх, хамтдаа зураг татуулах боломжтой байлаа. МҮОХ-ны “Алтан түнш” Рио Тинто компани нь олимп, паралимпийн наадмын 4700 гаруй алт, мөнгө, хүрэл медалийг Монголын газар шороо, “Оюу Толгой” болон, Юта мужийн Коннекут ордын дээж эрдэнэсээр бүтээж байгаа бөгөөд медалийн дээжийг арга хэмжээнд танилцуулсан юм.

 

Түүнээс гадна Монголыг дэмжигч Английн иргэд энэхүү арга хэмжээнд оролцож өөрсдийн санал бодлоо солилцлоо.

ОТО олон улсын олимпийн хорооны хуралд

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан ОУОХ-ны байнгын хорооны гишүүн болоод удаагүй байгаа билээ. Тэрбээр Швейцарийн Лозанн хотноо ОУОХ-ны “Спорт хүрээлэн буй орчин” байнгын хорооны хуралд өнгөрөгч өдрүүдэд оролцлоо. Уг хурлыг ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге, комиссийн дарга Пал Шмидт нар  удирдсан юм.

4-р сарын шилдэг тамирчин маргааш тодорно

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Спортын маркетингийн агентлаг, UBS телевиз хамтран тодруулдаг сарын шилдэг тамирчны нэр маргааш тодорхой болох ажээ. Сар тутмын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлыг нэгтгэх, баг тамирчдаа урамшуулах зорилгоор өнгөрсөн оны 10-р сараас уламжлал болгон тодруулж эхэлсэн энэ удаагийн шалгаруулалтанд өнгөрсөн сард олимпийн эрхээ авсан Н.Төгсцогт, Б.Түвшинбат (бокс), П.Өнөрбат, О.Бурмаа, С.Бямбацэрэн, Д.Отгонцэцэг (чөлөөт бөх), жүдо бөхийн азийн аварга болсон П.Лхамдэгд, М.Уранцэцэг нар нэр дэвшсэн юм.

 

 

Нэмэлт тасалбарууд худалдаанд гарлаа

Лондонгийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Лорд Себастьян Коэ өчигдөр олимпийн наадмын 900 мянган шинэ тасалбарыг худалдаанд гаргаж буйг зарлалаа. Хамгийн эрэлттэй тасалбар болох нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, хөнгөн атлетикийн 100 м-ийн шигшээ гүйлтийн тасалбарууд уг багцад хамаарагдаж байгаа аж. Эдгээр тасалбарыг хамгийн эхний ээлжинд өнгөрсөн жил тасалбар зарах сугалаанд азгүйтсэн хүмүүст шууд олгох гэнэ. Мөн олимпийн наадмын түүхэнд анх удаа Олимпийн парк руу нэвтрэх тасалбарыг борлуулж байгаа аж. Нийт 70 мянган тасалбарыг 10 паундаар зарах гэнэ. Тодорхой цагийн хуваариар 5 сарын 17-ныг дуустал тасалбарыг зарах юм.

Чөлөөт, сонгомол бөхийн тамирчдын нэрс тодорлоо

Америк тивийн олимпийн эрх олгох тэмцээн өндөрлөснөөр чөлөөт, сонгомол бөхөөр олимпийн наадамд оролцох нийт бөхчүүдийн нэрс тодорлоо. Америкийн нэгдсэн улсын баг эрэгтэй, эмэгтэй, сонгомол бөхийн төрөлд бүх жинд эрхээ авснаар хамгийн том буюу 18 хүнтэй баг илгээх бол ОХУ-ын 16, Казахстаны 15 бөх Лондонг зорихоор болжээ. Манай улсаас нийт 8 бөх оролцох билээ.

Olympic highlights #6: 80 days to go, ёслолын хувцас, сургалт, чөлөөт …

May 10, 2012 by  
Filed under Лондон 2012, Пресс релиз

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолд өмсөх хувцсыг батлав

2012 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “Лондон 2012” олимпийн наадамд бэлдэх үндэсний хорооны хурлаар олимпийн наадамд Монголын багийн өмсөх ёслолын хувцасны загварыг албан ёсоор баталлаа.

Энэ удаагийн ёслолын хувцсыг “Шилмэл загвар” компани хийж байгаа бөгөөд дизайнер Б.Цогтгэрэл урлажээ.


Өсвөр үеийнхэнд олимпийн боловсрол олгох арга зүй” сэдэвт туршлага солилцох уулзалт болно

МҮОХ-ноос олимпийн зөвлөлийн захирал, арга зүйч нарын дунд “Олимпийн боловсрол олгох арга зүй” сэдэвт туршлага солилцох өдөрлөгийг 2012 оны 5 дугаар сар 9-ний 14,00 цагаас Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн байранд зохион байгуулах гэж байна. Уг уулзалтанд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, олимп судлалын төвийн захирал Ж.Баасанхүү, Монгол улсын хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, Дархан аварга Х.Баянмөнх нар болон олимпийн салбар зөвлөлийн захирал, арга зүйч нийлсэн 120 гаруй төлөөлөгч оролцох юм. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья.

Чөлөөт бөхийнхэн хэвлэлийн бага хурал хийнэ

Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлага ,багш дасгалжуулагчид,  “Лондон-2012” Зуны олимпийн наадмын эрхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчид оролцсон хэвлэлийн бага хурал 2012 оны 5-р сарын 9-ны Лхагва гаригт спортын төв ордоны хурлын зааланд болно.

Путиний анхны албан уулзалт нь Жак Роггетой

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Владимир Путиний ажлаа аваад Кремльд уулзсан анхны хүн нь ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге байлаа. Путин Ерөнхийлөгчийн алба хаших хугацаандаа хийх хамгийн гол ажлуудын нэг нь “Сочи 2014” өвлийн олимпийн наадам хэмээн үзэж буй бөгөөд энэ утгаараа Жак Роггетой уулзахыг хүсчээ. Уулзалтын үеэр Путин ирэх 10 жилд ОХУ дэлхийн спортын гол өнгийг тодорхойлогч улс болохыг хүсч, Сочигийн олимпийн наадам төдийгүй 2018 оны ДАШТ-ийг амжилттай зохион байгуулахаа мэдэгджээ. Жак Рогге “ОХУ-д ганц өвлийн олимпийн наадам болохгүй, цаашдаа хөнгөн атлетикийн ДАШТ, хөлбөмбөгийн ДАШТ, оюутны Универсиад, усан спортын ДАШТ,  Формула-1-ийн гран при гээд олон уралдаан тэмцээн болно. Тиймээс Оросын спортыг гэрэлт ирээдүй хүлээж байна” гэжээ.

Нээлтийг шууд үзэх үзэгчдийн тоо Бээжингийн олимпийнхийг гүйцэхгүй

Олон улсын судалгааны FS+E компани Лондоны олимпийн нээлтийн ажиллагааг цэнхэр дэлгэцээр шууд үзэх үзэгчдийн тоо Бээжингийн олимпийн наадмыг үзсэн үзэгчдээс илүү гарахгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Энэ нь гол зах зээл болох Азид  шөнийн цаг таарч буйтай холбоотой ажээ. Бээжингийн олимпийн наадмыг олон 2 тэрбум гаруй хүн үзсэн гэсэн тооцоо байдаг гэнэ. Гэсэн хэдий ч уг судалгааны компани нийт үзэгчдийн тоо 500 саяыг давна гэдэгт итгэлтэй байна.

 

Olympic highlights #5: 81 days to go, Жүдо, бамбар, стадион …

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олон улсын жүдо бөхийн холбоо эрхээ авсан жүдочдыг зарлалаа

Олон улсын жүдо бөхийн холбоо 5 сарын 5-нд олимпийн эрхээ авсан жүдочдын нэрсийг зарлалаа. Нийт 252 жүдочний нэрийг зарласан бөгөөд эрэгтэйчүүдийн эхний 22 байр, эмэгтэйчүүдийн 14 байр эзэлсэн тамирчид эрхээ шууд авч байгаа юм. Манай улсаас нийт найман жинд 12 бөх эрхийн болзлоо хангажээ. Харин 5 сарын 10-нд Монголын жүдо бөхийн холбоо эдгээр найман жинд олимпийн наадамд оролцох тус бүр нэг жүдоч болон манай улсад олгох нэмэлт нэг жүдочийн нэрийг МҮОХ-нд албан ёсоор мэдэгдэх болно. Read more

Авьяасаа үнэлүүлж, Лондонг зорьё

May 4, 2012 by  
Filed under Мэдээ, ОУОХ

CITIUS, ATLIUS, FORTIUS

ОУОХ-ноос спорт сонирхогчиддоо зориулан нэгэн уралдааныг зарлажээ. Та бүхэн өөрийн юу чаддагаа, өөрийн бүтээж байсан хамгийн сайн амжилтаа видео бичлэгт буулган ОУОХ-нд илгээснээр энэхүү уралдаанд оролцох аж. Түрүүлэх аваас Лондоны олимпийн наадмыг үзэх эрхээр шагнуулах ажээ. Доорхи холбоосноос дэлгэрэнгүй мэдээллийг авна уу! Танд амжилт хүсье!

 

https://showyourbest.olympic.org/en/#!/gallery

Olympic highlights #3: 84 days to go, Чөлөөтийнхөн эрхээ арвижуулах сүүлчийн боломж

May 4, 2012 by  
Filed under Пресс релиз

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олимп эхлэхэд 84 өдөр үлдлээ

Эрхээ арвижуулах сүүлчийн боломж

Б.Цагаанбаатар  

Чөлөөт, сонгомол бөхийнхний “Лондон-2012” олимпийн эрх олгох тэмцээн дөрвөн үе шатаар үргэлжилж байна. Хамгийн анх 2011 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний жин бүрийн тэргүүн зургаан бөх Лондоны визээ өвөрлөсөн бол удаах шат нь тивүүдийн хэмжээнд явагдсаныг сануулах юун. Ази, Европ, Америк тивийн сонгон шалгаруулах тус тэмцээнээс жин бүрийн шилдэг хоёр бөх эрхээ өвөрлөсөн. Харин эл шатанд бөхийн хөгжлөөр манайхны аймаг сумаас ч дор түвшний Африк, Австрали тивийнхэн тэмцээнээ хамтран явуулж дундаасаа хоёр бөх тодруулжээ. Түүний дараагийн шат өнгөрөгч долоо хоногт Хятадын Тайюаньд өндөрлөж, чөлөөт болон сонгомол бөхөөр жин бүрийн эхний гурав, эмэгтэй бөхөөр эхний хоёрт олимпийн эрх олгоод байна.

Монголчуудын хувьд анхны даваанаас эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жингийн Ж.Чулуунбат, эмэгтэй 63 кг-ийн О.Насанбурмаа нар “боорцогтой” ирсэн бол Астанад болсон хоёрдахь шатнаас хуугаараа гуяа ганзагалан буцсан билээ. Харин Тайюаний дэвжээнд одоо гийгүүлж дөрвийн дөрвөн эрхээр монголчуудаа баярлуулаад удаагүй. Эрэгтэй 74 кг-ийн жинд П.Өнөрбат тэнд төрийн дууллаа эгшиглүүлсэн бол эмэгтэйчүүд багаараа Лондонд зодоглох болзол хангалаа. Хүнд болон хөнгөн жинд ДАШТ-ий мөнгөн медальт О.Бурмаа, Д.Отгонцэцэг нар алтан медаль, 55 кг-д өмнийн говийн С.Бямбацэрэн мөнгөн медаль зүүж, Лондоны визээ давхар өмчилсөн юм.

Харин FILA-гийн дөрөвдэх буюу сүүлчийн шатны тэмцээн өнөөдөр Финландын нийслэл Хельсинкид эхэлж байна. Лондонг зүүдлэн буй Монголын таван бөх тэнд хүчээ үзнэ. Тэдний жин үзэлт, сугалаа өнгөрсөн шөнө (Улаанбаатарын цагаар) явагдлаа.

55 кг. Монголчуудын хамгийн ихээр чих тавьдаг эрэгтэй чөлөөт бөхийн гарцаагүй тэргүүн бөх нь өнөөхөндөө Б.Наранбаатар гавьяат. Дэлхийн тэмцээнээс хос медальтай түүний жинд өнөөдөр 20 орны хүчтэнүүд зодоглоно. Манай бөх Мексик, Молдав, Беларусийн залуусыг дийлээд олимпийн эрхийн төлөө Азербайжаны М.Магомедовтой таарах бололтой. Түүнийг анх 2008 оны хавар Улаанбаатарт хожсон ч дахиж хэд таарахдаа ялж үзээгүй яваа. Энэ баримт түүний Лондоны захиалгыг битгий бүдгэрүүлээсэй.

60 кг. Төв аймгийн жирийн айлын хүү Г.Мандахнаран 2010 оны намар-өвлийн зааг хахирган цагаар монголчуудыг нэг сайхан баярлуулж билээ. Гуанжоугийн Азийн наадамд амттай алтан медаль зүүснийг нь одоо ч дурсмаар санагдах. Юутай ч тэрээр жингийнхээ 23 бөхөөс Армен, Канад, өөр нэгийг саадгүй давсаар Лондонд зодоглох эрхээ аваасай гэж хүсэх л үлдлээ. Түүний жингийн шилдэг 17 бөх нэгэнт эрхээ халааслаад байхад №18 юм уу №19 болж чадахгүй бол юу ч гэлтэй билээ.

66 кг-ийн 29 бөхөөс олон улсын хэмжээний мастер Б.Батзориг эрэмбээрээ аман хүзүүнд харагдах юм даа. Түүнийг зиндаархагч этгээд болбоос олимп дэлхийн медальтай Украины Васил Федоришин гэгч. Манай бөх түүнтэй финалд л таарах магадлалтай бөгөөд тэр хүртлээ Израиль, Никарагуа, Кыргызстаны бөхчүүдийг гомдоох нигууртай бөлгөө.

84 кг. 26 бөхөөс залуухан О.Үйтүмэн маань Европийн бөхчүүдийн учраа байх төлөвтэй. Аз ёндоо ивээвэл боксчин амьдаа шигээ болох тохиол түүнд гарах биз. Дундуур зиндааны тэдгээр нөхдөө давамгайлж гэмээнэ дуулимын том наадамд оролцох боломж харагдаж л байна. Дэлхийн аварга М.Ганев, олимпийн дэд аварга Ю.Абдусаломов сугалааны нөгөө хагаст байна гээд бод доо.

96 кг. Азийн бүсийн тэмцээнд манайхнаас хамгийн дээд амжилт үзүүлсэн Д.Хүдэрбулга Хельсинкид барилдана. Астанад олимпийн эрх халааслачихаад 10-хан секундын өмнө буцааж өгсөн алдаагаа энд битгий давтаасай. 21 бөхөөс Германтай эхлээд, түүнийг хожвол Армен, тэгээд Болгар гэхчилэн үргэлжлүүлээрэй.

Эцэст нь “базаад” хэлэхэд энэ удаа 2-3 монгол бөх Лондоны визээ өвөртлөхүйц дүр зураг харагдаад байна.

 

Эмэгтэй боксчид 9-нд мордоно

Дөрвөн эрх авсан эрчүүдийнхээ араас дөрвөн бүсгүй эрх авахаар Хятадын Чуньчин хотноо болох эмэгтэй боксын ДАШТ-нд оролцохоор мордох гэж байна. Манай баг тамирчид 5 сарын 9-нд эх орноосоо мордох бөгөөд тэмцээн 20 хүртэл үргэлжлэх аж. Саяхан Улаанбаатар хотноо болсон Азийн АШТ-нд түрүүлсэн Т.Болортуул (48 кг), Э.Уянга (64 кг) болон М.Нандинцэцэг (51 кг), О.Сувд-Эрдэнэ (60 кг) нар энэхүү тэмцээнд оролцох юм. Монголын багийн ахлагчаар Монголын олимпийн боксын холбооны Ерөнхийлөгч Ч.Ганзориг, дасгалжуулагчаар Л.Энхбаатар, н.Нармандах, эмчээр Т.Цэрэнжав нар ажиллах юм. ДАШТ-нд эхний найман байрыг эзэлсэн боксчид олимпийн эрхээ авна.

Нээлтийн өдөр Лондон завгүй

Олимпийн нээлт болох 7 сарын 27-ны өдөр Лондон хотын өнцөг булан бүрт төрөл бүрийн арга хэмжээ болох гэнэ. Энэ дундаас хамгийн том нь саяхан манай Чингисийн сүрлэг хөшөө сүндэрлэсэн Хайд Паркад рок, попын одод оролцсон шоу тоглолт болох юм. Мөн Виктория парк, Трафалгарын талбайнуудад шоу тоглолт болох ажээ.

Хамгийн том Макдоналдс Олимпийн тосгонд     

Дэлхийн хамгийн том Макдоналдсын салбар олимпийн тосгонд ажиллах гэнэ. Нэг дор 1500 хүнийг хүлээн авах чадалтай, 30,000 фут квадратын хэмжээтэй энэхүү хоолны газар тамирчид, дасгалжуулагчдад үйлчлэх нь ээ. Дашрамд сонирхуулахад Макдоналдс нь ОУОХ-тай байгуулсан ТОП түншлэлийн гэрээгээ 2020 он хүртэл үргэлжлүүлэхээр болсон юм.

Olympic highlights #2: 85 days to go

May 4, 2012 by  
Filed under Мэдээ, Пресс релиз

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олимп эхлэхэд 85 өдөр үлдлээ

  • Чөлөөт бөхийн эрх авах сүүлчийн тэмцээндээ мордсон манай эрчүүд өнөөдөр жингийн үзлэгт орж, сугалаагаа татах юм.
  • Лондоны олимпийн эрхийг  Монголын тамирчдаас хамгийн түрүүнд авсан МУГТ Б.Сэр-Од, дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Будант Албионд хоёр сар гаруй бэлтгэл хийсний эцэст эх орондоо ирлээ. Тэрбээр 7 сар хүртэл Монголд бэлтгэл, сургуулилтаа базаах бөгөөд олимп эхлэхийн өмнө Английн Саррей бэлтгэлийн баазад үргэлжлүүлэн бэлтгэл хийх ажээ.
  • Энэ өдрүүдэд Лондон хотноо олимпийн туршилтын сүүлчийн тэмцээнүүд зохиогдож байна. Туршилтын тэмцээнүүдэд зориулж 150,000 гаруй мянган тамирчин, дасгалжуулагч, үзэгчид Лондонд зочилж байгаа юм. Усны поло, ширээний теннис, талбайн хоккей, хөнгөн атлетик, сагсны тэмцээнүүд ирэх өдрүүдэд зохиогдоно. Түүнчлэн олимпийн наадмын нээлт, хаалт болох цэнгэлдэхэд 5 сарын 5-нд ёслолын арга хэмжээ болох гэнэ.
  • 150,000 хүн ирж буй энэ үед зөвхөн тэмцээн уралдаан зохион байгуулах ордон, сайн дурынхнаас гадна Лондон хотын Хитроу нисэх онгоцны буудалд томоохон сорилт болж байна. Маш их хүн нэг дор буух нь онгоцны буудал ачааллаа даахгүйд хүрэх аюулыг дагуулж буй юм. Монголчуудын буух 4-р терминал дээр л гэхэд нэг хүн цаг орчим хүлээж байж хил нэвтэрч байгаа ажээ.
  • Паралимпийг зохион байгуулагчид нээлтийн ёслолын ажиллагааныхаа ерөнхий төлөвлөгөөг танилцууллаа. Паралимпийн нээлтийн ажиллагаа “Гэгээрэл” сэдвийн дор болж, 3000 шахам хүн оролцох ажээ.

Olympic highlights: 86 өдөр үлдлээ

May 2, 2012 by  
Filed under Мэдээ, Пресс релиз

CITIUS, ATLIUS, FORTIUS

  • Туркийн Анталья хотноо болж буй Дэлхийн цомын тэмцээнд оролцохоор мордсон манай байт харваачид өнөөдөр тэмцээнээ эхэлж байна. Байт харвааны сүүлчийн эрх олгох тэмцээн 6 сарын 18-25-нд АНУ-ын Огден хотноо болох бөгөөд манай баг тамирчид багийн төрөлд эрх авахаар зорьж буй билээ. Одоогоор эрэгтэй харваач Ж.Гантөгс, эмэгтэй харваач Б.Урантунгалаг нар эрхээ аваад байна.

 

  • Олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээндээ оролцохоор манай чөлөөт бөхийн баг тамирчид эх орноосоо мордлоо. 2012 оны 5 дугаар сар 4- 6-нд Финляндын Хельсинк хотноо болох энэхүү тэмцээний 55 кг-ийн жинд МУГТ Б.Наранбаатар, 60 кг-ийн жинд ОУХМ Г.Мандахнаран, 66 кг-ийн жинд ОУХМ Б.Батзориг, 84 кг-ийн жинд спортын мастер О.Үйтүмэн, 96 кг-ийн жинд ОУХМ Д.Хүдэрбулга нар оролцох юм.
  • Түүнчлэн эмэгтэй боксчид маань энэ сарын 9-16-нд Хятадын Чуньчин хотноо болох ДАШТ-нд оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. Энэ тэмцээн нь тэдний эрх авах сүүлчийн боломж билээ.
  • Лондонгийн олимпийг угтаж, тамирчдынхаа амжилтыг сар бүр дүгнэх, урамшуулах зорилгоор Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Рио Тинто компани, UBS телевиз, www.sportnews.mn онлайн сэтгүүл хамтран зохион байгуулж буй Сарын шилдэг тамирчин шалгаруулах арга хэмжээний 4-р сарын шилдэгт нэр дэвшигчдийн нэрс тодорчээ. Олимпийн эрхээ авсан Н.Төгсцогт, Б.Түвшинбат (бокс), П.Өнөрбат, О.Бурмаа, С.Бямбацэрэн, Д.Отгонцэцэг (чөлөөт бөх), жүдо бөхийн азийн аварга болсон П.Лхамдэгд, М.Уранцэцэг нар сарын шилдэгт нэр дэвшжээ.
  • Олимпийн наадмын мөнгөн медальт, өнгөрсөн жил Шанхайд болсон ДАШТ-нд алтан медаль хүртсэн, Норвегийн олимпийн хамгийн том найдвар усанд сэлэгч Дэйл Оэн АНУ-д харамсалтайгаар амиа алджээ. Түүний биеийг зочид буудлын угаалгын өрөөнөөс олсон байна. Олон улсын олимпийн хороо, Олон улсын усан спортын холбоо эмгэнэл илэрхийлсэн байна.
  • Лондонгийн олимпийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээний сугалаа болсон байна.

Эрэгтэй

А хэсэг

Б хэсэг

 Аргентин  Австрали
 Франц  Бразил
 Тунис  Хятад
 АНУ  Их Британи
Эрх авах тэмцээн 1  Испани
Эрх авах тэмцээн 2 Эрх авах тэмцээн 3

 

 

 

 

Эмэгтэй

А хэсэг

Б хэсэг

 Ангол  Австрали
 Хятад  Бразил
 АНУ  Их Британи
Эрх авах тэмцээн 1  ОХУ
Эрх авах тэмцээн 2 Эрх авах тэмцээн 3
Эрх авах тэмцээн 4 Эрх авах тэмцээн 5

 

 

 

 

 

 

 

Олимп эхлэхэд 88 өдөр үлдлээ: Чөлөөтийн баг хүчээ зузаатгасаар

April 30, 2012 by  
Filed under Лондон 2012, Чөлөөт бөх

CITIUS, ATLIUS, FORTIUS

БНХАУ-ын Тайюнь хотноо болж өнгөрсөн чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээнд манай тамирчид дөрвөн эрх нэмж авлаа. Эрэгтэчүүдийн 74 кг-ийн жинд хүч үзсэн ОУХМ П.Өнөрбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогтВьетнамын бөх Кан Дат Дүг, 2-р тойрогт Хятадын Жан Чунгяог,олимпийн эрхийн төлөө Туркын Дэмиратэс Сонерийг тус тус яллаа. Ийнхүү тэрбээр манай чөлөөт бөхийн гурав дахь, эрчүүдийн хоёр дахь эрхийг өвөртөлсөн юм.

55 кг-ийн жинд ОУХМ, дэлхийн залуучуудын аварга Азербайжан, Германы бөхчүүдийг ялсан ч БНСУ-ын бөхөд ялагдсанаар эрхээ авч чадсангүй.

60 кг-ийн жинд спортын мастер Б.Баянмөнх Узбекистаны бөхийг ялж, удаах тойрогт БНАСАУ-ын бөх Жён Му Рид ялагдлаа. Энэ жинд БНСУ, БНАСАУ, АНУ-ын бөхчүүд олимпийн эрхээ халаасалсан юм.

66 кг-ийн жинд спортын мастер Г.Мянганбаяр хүч үзлээ. Гвиней Бисаугийн тамирчинг эхний тойрогт ялсан ч Туркийн бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлөсөн. 84 кг, 96 кг-ийн жинд ОУХМ Д.Өсөхбаатар, Ч.Ганзориг нар өрсөлдөгчдөө барсангүй ээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт хийлж  хоёрдугаар тойрогт  Узбекистаны Якшимуратова Даулетбекийг 6-0, 4-0-ээр , гуравдугаар тойрогт Румыны Добре Эстераг  6-0, 7-0-ээр, олимпийн эрхийн төлөө Украйны дэлхийн аварга Когут Олександраг 1-3, 2-1, 4-0 харьцаагаар ялж улмаар аваргын төлөө Украйны  Ванеса Каладзинскаяаг яллаа.

55 кг-ын жинд С.Бямбацэрэн нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чехын Ленка Мартинаковаг 2-0, 2-0-ээр, гуравдугаар тойрогт Румыны Ана Мария Павалыг  1-0, 1-1 харьцаагаар ялж,  олимпийн эрхийн төлөө Беларусын Залина Сидаковаг  1-0, 1-3, 4-0-оор ялж аваргын төлөө БНАСАУ-ын Ким Ок Ханд хожигдлоо.

72 кг-ын жинд О.Бурмаа нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Польшийн Вишек Кордус Аниешкаг 0-1, 1-0, 1-0 –оор ялж, хоёрдугаар тойрогт Энэтхэгийн Прит Каур Гуршараныг 1-0, 4-0 харьцаагаар ялж олимпийн эрхийн төлөө Норвегийн Маяа Эрландсенг  0-1, 3-1,4-4 харьцаагаар ялж ,аваргийн төлөө Молдавын Светланаг яллаа. Эмэгтэй 63 кг манай улс эрх авсан байсан ингээд манай эмэгтэй бөхчүүд олимпод бүтэн багаар орох боллоо.

Ийнхүү Монгол улс одоогоор олимпийн 18 эрх аваад байна. Чөлөөт бөхийн дараагийн эрх авах тэмцээн 5 сарын 4-6-нд Финляндын Хельсинк хотноо болно.

(Монголын чөлөөт бөхийн холбоо)

Page 1 of 812345...Төгсгөл »