Хатан хаан “хажуу өрөөгөө” түрээслэнэ
November 13, 2011 by admin
Filed under Лондон 2012
CITIUS, ATLIUS, FORTIUS
Олимпийн наадмыг зорьж очсон өндөр хэмжээнийзочид Хатан хааны ордонд амьдрах боломжтой болжээ. Хатан хаан Элизабет II үүнийг нотолсон бөгөөд түүний амьдардаг Сэйнт Жеймс ордны хааны өрөө мөнгөө төлсөн хэн бүхний өмнө нээлттэй гэнэ. Баттай бус эх сурвалжийн мэдээлж буйгаар нэг өрөө нь хоноггийн 30,000 паунд буюу 60 орчим сая төгрөг байх бололтой. Хатан хааны энэхүү ордон ашиглалтанд орсноос хойшхи 500 гаруй жилийн хугацаанд анх удаа ашиг олох зорилгоор ашиглаж буй нь энэ ажээ. Энэхүү ордонд хэдэн хэдэн хаан амьдарч байсан бөгөөд саяхан Ханхүү Уильям, гүнж Кейт Миддлтон нар сүй тавьж байсан билээ. Түүнчлэн Лидсийн харшийг түрээслэх зарыг түгээгээд байгаа бөгөөд энэхүү харшид олимпийн наадам болох 17 хоногийн турш амьдрах хүн нэг сая паунд (2 тэрбум төгрөг)-ыг төлөх ёстой гэнэ. Хатан хааны эдгээр орднуудаас элсний волейбол, триатлоны спорт болох газрууд ойрхон бөгөөд марафоны төрөл бүр энэ ордноос эхэлж, эндээ дуусах юм.
Жан Жилон Олимпик хауст
Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч, Азийн Олимпийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн, Спортын комиссийн дарга ноён Жан Жилон Монгол улсад албан ёсны айлчлал хийж байгаа билээ. Айлчлалын хүрээнд МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин “Олимпик хаус”-т хүлээн авч уулзан, халуун яриа өрнүүллээ. Жан Жилон Монголын хөлбөмбөгийн холбоог Азийн хамгийн идэвхитэй гишүүдийн нэг хэмээн онцолсон юм. Монголын үндэсний олимпийн хороо нь хөлбөмбөгийн холбоотойгоо хамтын ажиллагаа сайн байдагт талархаж явдгаа илэрхийллээ. Тэрбээр мөн Азийн олимпийн зөвлөлийн спортын комиссийн даргын хувьд МҮОХ-ны үйл ажиллагаанд амжилт хүсч, Лондонгийн олимпийн наадамд арвин ургац хураахыг хүслээ.
Ноён Жан Жилон Монгол улсад ОУХБХ (FIFA)-ийн Гоол-4 төслийн хүрээнд баригдсан футзалын шинэ ордны нээлтэнд оролцохоор хүрэлцэн ирсэн бөгөөд айлчлалын үеэр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд С.Батболд, Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нартай уулзалт хийжээ.
Олимпийн цэцэрлэг бэлэн боллоо
November 11, 2011 by admin
Filed under Лондон 2012
CITIUS, ATLIUS, FORTIUS
Лондоны олимпийн тусгай ногоон байгууламжийн ажил явагдаж, үндсэндээ дууслаа. Энэхүү цэцэрлэг нь Их Британидаа хамгийн том орчин үеийн цэцэрлэг болж байгаа бөгөөд 250 га газрыг эзэлж буй юм. Хүүхдүүдийн дунд явуулсан уралдааны ялагч нь уг цэцэрлэгийн загварыг гаргасан бөгөөд 12 настай Ханна Клег азтан болжээ. Олимпийн цэцэрлэгт 4000 нялх мод, 300,000 гаруй нойтон зүлгийг хиймлээр суулгасан ба арван хөлбөмбөгийн талбай нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй юм.
Олимпиягаас эхлэх олимпийн бамбарын маршрут тодорхой боллоо
November 7, 2011 by admin
Filed under Лондон 2012, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
Ирэх оны 5 сарын 19-нд Грекийн Олимпия уулын хормойд асах олимпийн бамбар 7 сарын 27-нд Лондон хотын олимпийн төв цэнгэлдэхэд бадамлах хүртлээ ямар замыг туулах талаарх танилцуулгыг зохион байгуулах хорооны дарга Себастьян Коэ хийлээ. Нийт 74 хоног аялах бамбар машин, галт тэрэг, усан онгоц, морь, унадаг дугуй, уурын галт тэрэг, тарамвай гээд олон төрлийн тээврийн хэрэгслийг ашиглан өртөөлөх гэнэ. Их Британий бүхий л цэгт хүрэх зорилготой аялал 1018 тосгон, хотыг дайран өнгөрөх аж. Төлөвлөгөө ёсоор Их Британий ард түмний 95 орчим хувь нь олимпийн галыг бодитоор нь харах юм.
Хүүхдийн олимпийн дөрөв дэх элч Кевин Ролланд
November 4, 2011 by admin
Filed under Иннсбрук 2012
CITIUS, ATLIUS, FORTIUS

Австрийн Инсбрук хотноо зохиогдох хүүхдийн өвлийн олимпийн анхдугаар наадмын элчээр Францын цанын чөлөөт үзүүлбэрийн дэлхийн аварга Кевин Ролланд тодорлоо. Хүүхэд залууст үлгэр дуурайл болж, тэднийг их спортоор хичээллэхэд нь урам өгөх зорилготой олимпийн элчээр өмнө нь Швейцарийн уулын цаначин Беньямин Райх, Америкийн уулын цаначин Линдсей Вонн, Солонгосын уран гулгагч Ким Ю На нар тодроод байсан билээ.
Үнэлгээний комисс “Наньжин- 2014” ЗБХ-г шалгав
November 3, 2011 by admin
Filed under Наньжин-2014
CITIUS, ATLIUS, FORTIUS
ОУОХ (IOC)-ны Үнэлгээний комиссын гишүүд 2014 оны залуучуудын хоёрдугаар олимпийн нийслэл Наньжин хотод хоёр дахь удаагаа ажлын айлчлал хийлээ. ОУОХ-ны гишүүн Александр Поповоор ахлуулсан тус комиссын төлөөлөгчид ЗБХ-ны үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа энэ үеэр мэдэгдэв. Анх айлчилсан өнгөрсөн нэгдүгээр сараас хойш “Наньжин- 2014” ЗБХ 17 салбар хороо байгуулж, сайн дурын ажилтнуудыг бэлтгэх 43 тусгай төв нээжээ. Энэ бүхэнд Хятадын Засгийн газар, ҮОХ, бүс нутгийн байгууллагуудын туслалцаа их үүрэг гүйцэтгэсэн аж. Мөн “Наньжин-2014”-ийн эмблемийг олон нийтэд танилцуулсны зэрэгцээ соёл боловсролын хөтөлбөрүүдийг ч боловсруулж эхлээд байгаа юм. Өнгөрсөн есдүгээр сард эхэлсэн олимпийн тосгоны бүтээн байгуулалт 2014 оны дөрөвдүгээр сар гэхэд яв цав дуусгана гэж ЗБХ амалжээ. Ногоон байгууламжаар өвч бүрхэгдэх олимпийн хотхон 5900 тамирчин, албан төлөөлөгчдийн ая тухыг хангана гэдэгт эргэлзэх хэрэггүй гэдгийг ч тэд онцлов. Наньжинд тамирчид 28 спортын төрлөөр 25 байгууламж, ордонд хүч сорих бөгөөд залуучуудын олимпийн хөтөлбөрт элсний волейбол анх удаа багтсан юм.
FIFA-ийн төлөөлөгчид МҮОХ-нд зочиллоо
November 3, 2011 by admin
Filed under Дотоод, Мэдээ, Спорт холбоод, Хөлбөмбөг
CITIUS, ATLIUS, FORTIUS

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) бүс нутаг хариуцсан мэргэжилтэн Жейсин Мутиа болон бусад албаны хүмүүсийг “Олимпик Хаус”-т хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Монголын өнөөгийн спортын талаар танилцуулга хийж, хөлбөмбөгийн спортыг хэрхэн цаашид хамтран хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Монголын хөлбөмбөгийн холбоо нь 1998 онд FIFA болон Азийн хөлбөмбөгийн холбоонд элссэн бөгөөд түүнээс хойш олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооноос хэрэгжүүлдэг Гоол төслийн хамгийн идэвхитэй гүйцэтгэгч нь Монголын хөлбөмбөгийн холбоо бөгөөд одоогоор дөрвөн төслийн хэрэгжүүлж дуусаад байна. Дөрөв дэх төсөл болох футзалны ордон барих үйл ажиллагаа дуусч, энэ сарын 12-нд нээлтийн ажиллагаагаа хийнэ. Энэ үеэр Азийн хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жан Жилон хүрэлцэн ирэх юм. МҮОХ, Олон улсын олимпийн эв санааны нэгдэлтэй хамтран хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрт хөлбөмбөгийн холбоо хамрагдаж байсан билээ.
Лондоны олимпоор сонин юутай вэ?
November 3, 2011 by admin
Filed under Лондон 2012, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
Лондон бэлэн
Дэлхийн соёл урлаг, эдийн засаг, бизнес, спортын гол төвүүдийн нэг Лондон хот 2005 онд Сингапурт болсон ОУОХ-ны чуулганаар 2012 оны олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг авсан билээ. Ингэснээр тэд орчин үеийн олимпийн наадмыг гурвантаа зохион байгуулах анхны улс болсон юм. Олимпийн наадам эхлэхэд 260 гаруй хоног үлдээд буй энэ үед тэд бэлтгэл ажлаа ерөнхийдөө хангаж, зарим нэгэн туршилтын тэмцээнээ зохиогоод эхэлжээ.
Зүүн Лондонг хөгжүүлэх бодлого
Нүсэр Лондоны хамгийн буурай, борчууд голлон амьдардаг хэсэг нь зүүн Лондон. Хуучин хүнд үйлдвэрийн ажилчид голчлон амьдардаг байсан энэ хэсэгт өдгөө цагаачид ихээр амьдардаг болжээ. Харин Лондон хотын засаг захиргаа олимпийн наадмыг ашиглан Стратфорд буюу хотын зүүн хэсгийг хөгжүүлэх цогц бодлого гаргасан байна. Олимпийн хотхон байрлаж буй энэ хэсэгт хуучин хүнд үйлдвэрийн туурь, газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг байрлаж байжээ. Харин олимпийн наадмын хүрээнд энэ бүх хуучин барилга, байгууламжийг устгаж, газрыг шинээр цэвэршүүлж, түүний дараа цогцолборын ажил эхэлжээ. Олимпийн цогцолборыг дагаад ард түмний аж амьдрал ч сайжрах нь гарцаагүй. Их Британийн хамгийн том их дэлгүүрийн сүлжээ Жон Льюс олимпийн тосгоны ойролцоо европ тивийн хамгийн том үйлчилгээний төвийг барьж, өнгөрсөн сард ашиглалтанд оруулсан байна. Маш том хөрөнгө оруулалт шаардсан энэ төсөл олимп дуусгад гурван жилийн дотор зардлаа нөхөх түвшинд ажиллана гэнэ.
Олимпийн тосгон катарынх
Олимпийн наадмыг зохион байгуулна гэдэг маш том эдийн засгийн эрсдэл. Их хөрөнгө оруулалт шаардах тэмцээний дараа хөрөнгө оруулалтаа нөхнө гэдэг нөр их тооцоолол, эдийн засаг, бизнес болдог билээ. 2000 оны Сидней, 2008 оны Бээжин зардлаа нөхсөн, нөхөх шатандаа явж буй бол 2004 оны олимпийн нийслэл Афин үндсэндээ олимпийн наадмын зардлаа нөхөж чадалгүй, одоогийн грекийн эдийн засгийн буруутнуудыг нэг болоод байгаа. Тэгвэл Лондоны олимпийн зохион байгуулах хороо эхний томоохон асуудлаа шийджээ. Тэд тамирчдын тосгоны байрны олимп дуусгаад эзэмших эздийг олсон байна. Тэр нь өнөөх л катарууд. Дэлхийд нэг хүнд ногдох ДНБ-ээрээ тэргүүлж буй энэ улс Лондонд бүтэн хороолол эзэмших нь ээ.
Олимпийн бамбар хэрхэн бадамлах бол?
Олимпийн наадмын хамгийн сэтгэл хөдөлгөм үйл явдлын нэг нь бамбар бадамлах тэр мөч. Наадмын бамбар хэрхэн бадамлах нь асах хүртлээ сюрприз байдаг билээ. Тэгвэл олимпийн наадмын үндсэн стадионы хажууд нэгэн сүрлэг багана босч байна. Энэхүү баганыг Энэтхэгийн тэрбумтан Лакшми Миттал (Премьер лигийн Куинс Парк Рейнжерс, Уиган, Эвертон багийн эзэн байсан) хөрөнгийг нь дааж бариулж байгаа бөгөөд олимпийн наадмын бамбар энэхүү цамхаг дээр бадамлах ч юм билүү?
Шинэ аравны спортын гүрнүүд
2010-20 оны арван жилийн спортын бүхий л том арга хэмжээнүүдийг хэдхэн улс хуваагаад авчихав уу гэмээр дүр зурагтай байна. Бразил 2014 онд хөлбөмбөгийн ДАШТ, 2016 онд олимп, ОХУ 2018 онд хөлбөмбөгийн ДАШТ, 2014 онд өвлийн олимп, 2015 онд оюутны универсиад, усан спортын ДАШТ, хөнгөн атлетикийн ДАШТ гээд олон тэмцээн зохион байгуулж байна. Англичууд ч үүнээс дутахыг хүссэнгүй. Хэдийгээр хөлбөмбөгийн хамгийн том тэмцээнийг зохион байгуулах эрхийг алдсан ч хөнгөн атлетик руу дайралт хийхээр болжээ. 2017 оны ДАШТ-ний зохион байгуулах эрхийн төлөөх тэдний гол өрсөлдөгч нь өнөөх Доха гэнэ.
Цэнгэлдэхүүд бэлэн
Лондоны зохион байгуулагчид, ард иргэд цэнгэлдэх хүрээлэнгүүд цагтаа баригдаж чадахгүй байх вий гэсэн айдас, болгоомжлолтой байв. Гэсэн ч тэд бүр цагаасаа өмнө дуусгаж, олон улсынхныг гайхшруулж байна. 80,000 хүний суудалтай олимпийн үндсэн цэнгэлдэх дэлхийн рекорд тогтоон 2 жил хүрэхгүй хугацаанд барьжээ. Бусад цэнгэлдэхүүд ч ерөнхийдөө дуусч байна. Их Британичуудын гол найдвар тавьж буй трек дугуйны велодром, усан завины ордонгуудыг бусдаасаа түрүүнд дуусгажээ. Харин манайхны гол төрөл болох бокс, жүдо, чөлөөт бөх Эксел олон улсын үзэсгэлэнгийн төвд болох бол байт харваа дэлхийн крикетийн “ариун газар” “Лордс крикет”-д, буудлага Английн хамгийн том парадын талбай Роялс артиллерт зохиогдох ажээ.
Лондон дахь монголчууд
Лондон, тэр хавийн хотуудаар 2000 гаруй монгол аж төрж, амьдран сууж байна. 2012 оны олимпийн наадамд элэг нэгтнүүдээ дэмжиж, уухайн түрлэг нэмэх гол үзэгчид тэд байх нь гарцаагүй. Монголчуудын холбоог олон улсын спортын сэтгүүлч Д.Цэрэнбат тэргүүлэн ажилладаг бөгөөд тэднийг сайн зохион байгуулж, тамирчдаа сэтгэлээрээ дэмжихээ илэрхийллээ. Гимнастикийн Анхаа, волейболын Отгоо гээд манай спортынхон ч Лондонд багагүй амьдарч байгаа юм. 2012 он гаргаад олимпийн өдөр эхлэхэд 100 өдөр үлдсэн арга хэмжээг Лондон дахь монголчуудын дунд зохион байгуулж, “халаалт” өгөх гэнэ.
Сэтгүүлчдийн цугларалтанд буусан “Монгол десант”
Олимпийн наадмын өмнө зохион байгуулах хорооноос сэтгүүлчдэд зориулсан цугларалтыг үе үе хийдэг билээ. Олимпийн наадмын үеэр орон орны хэвлэл мэдээлэл, радио телевизийнхний ажиллах нөхцөл, орон байр, нэвтрэх журам, тэмцээн уралдааныг сурвалжлах үеийн зохицуулалт зэрэг олон ажилтай танилцсан юм. Хэвлэл мэдээлэл, радио телевизийн төв (MPC & IBC) –ийн барилга ерөнхийдөө дууссан бөгөөд одоо доторхи тавилгуудаа л өрөх үлджээ. Манай улсаас энэхүү цугларалтанд МҮОХ-ны мэргэжилтэн Б.Хосбаяр, “Таван цагариг” сонины Лондон дахь сурвалжлагч Ч.Отгонбаяр, UBS телевизийн сэтгүүлч А.Ундрал нар оролцлоо. Энэхүү цугларалтын үеэр мөн үндэсний олимпийн хороодын пресс атташе нарын хурал болсон. Лондонгийн олимпийн наадмыг 10000 гаруй сэтгүүлч сурвалжлах юм.
Муслимуудын гоморхол
Олимпийн наадам явагдах 7 сарын 27-8 сарын 12 нь лалын шашинт орнуудын рамадан сартай давхцаж байгаа нь том асуудал болоод байна. Энэ үеэр муслим шашинтай ямар ч хүн нар мандахаас жаргах хүртэл мацаг барих ёстой билээ. Тамирчид, сэтгүүлчид хэрхэх бол?
Ногоон олимп
Лондоны олимп ногоон орчинг ихэд дэмжиж байна. Тэд ахуй орчингоо аль болох органик бүтээгдэхүүнээр бүрдүүлэхийг чармайж байна. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчийг голчилж ашиглах ба олимпийн хотхон, олимпийн тосгоны нийт эрчим хүчний 20 орчим хувийг нар, салхинаас гаргах гэнэ.
Трафалгарын талбай олимп хүртэл завгүй
Олимп эхлэхэд яг мянган өдөр үлдсэн тэр өдөр сүндэрлэсэн наадам эхлэхэд хэдэн өдөр үлдсэнийг заадаг цаг орших Трафалгарын үзэсгэлэнт талбай орой болгон завгүй байна. Олимпийн наадамтай холбогдсон урлаг соёлын олон олон арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Наадмын үеэр жуулчдын гол үзэх газруудын нэг нь энэ байх ажээ. Энэ талбай нь спорттой олон зүйлээс холбогддог. 1996 оны хөлбөмбөгийн Европын аваргаар Англичууд Германы шигшээд бут ниргүүлсний дараа энэ талбайд үймээн дэгдэж, дэлхийн чихийг дэлдийлгэсэн бол 2007 онд Тур де Франсын нээлт болж байжээ. Түүнчлэн томоохон тэмцээний үеэр том дэлгэц байрлуулдаг гэнэ.
ДЭЛХИЙН ЖҮДОГИЙН ӨДРӨӨР ЗАЛУУЧУУДЫН ШИГШЭЭ БАГИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО
November 3, 2011 by admin
Filed under Дотоод, Жүдо, Мэдээ, Спорт холбоод
CITIUS, ATLIUS, FORTIUS

Аравдугаар сарын Монголын шилдэг тамирчин хэн бэ?
Монголын үндэсний олимпийн хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлаг, www.sportnews.mn онлайн сэтгүүлтэй хамтран хэрэгжүүлж эхэллээ.
Сар бүрийн шилдэг тамирчид ирэх сарын эхний долоо хоногийн даваа гарагт тодрох бөгөөд шилдгийг дараах зарчмаар тодруулна.
- Онлайн санал асуулга (Вэб хуудас, бусад онлайн хэрэгслээр санал авах) – нийт саналын 50 хувь
- Сарын шилдгийг дүгнэх комисс (Хамтрагч байгууллага бүрээс нэг нэг төлөөлөгч) – нийт саналын 50 хувь
Эхний шалгаруулалтанд дараах тамирчид нэр дэвшлээ.
Аравдугаар сарын Монголын шилдэг тамирчинд нэр дэвшигч:
ОУХМ Ганбатын Болдбаатар – Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо зохиогдсон жүдо бөхийн гран-при тэмцээнд мөнгөн медаль хүртсэн.
Бишиндээн Урантунгалаг – Ираны нийслэл Тегеран хотод болсон Байт харвааны ААШТ-нд багийн болон хувийн төрөлд мөнгөн медаль хүртэж, “Лондон-2012” олимпийн наадмын гурав дахь эрхийг авсан.
Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Монгол улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Сэрдамба – Азербайжаны нийслэл Баку хотноо зохиогдсон ДАШТ-д хүрэл медаль хүртэж энэхүү тэмцээнээс хос медаль хүртсэн анхны хүн болсон.
ОУХМ Бат-Очирын Сэр-Од – 30 шахам орны 2000 гаруй тамирчид өрсөлдсөн Бээжин хотноо болсон марафон гvйлтийн олон улсын уламжлалт тэмцээнд зургаадугаар байранд орсон.
ОУХМ Эрдэнэбилэгийн Халиунболд – ӨМӨЗО-ны Биеийн тамир спортын хороо, МҮОХ хамтран Өвөр Монголын Ордост зохион байгуулсан автомашин, мотоциклын бартаат замын уралдаанд түрүүлсэн.
Эхний сарын дүн – 11 сарын 7-ны өдөр гарах ба сарын шилдэг тамирчны цомыг 2011 оны 11 сарын 10-ны өдөр гардуулна.













