2-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД

CITIUS, ATLIUS, FORTIUS


Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын Маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн оны 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ.

 

САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧНЫ ТҮНШ – РИО ТИНТО

Хамгийн анхны шалгаруулалт буюу 10-р сарын шалгаруулалтанд амжилтаараа манлайлсан 5 тамирчин өрсөлдөж Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба шилдгээр тодорсон юм.

Тэгвэл 11-р сарын шилдэг тамирчны шалгаруулалтыг Нидерландын Амстердам хотноо болсон Жүдо бөхийн Гран При тэмцээний -78 кг-ийн жинд аваргалсан ОУХМ П.Лхамдэгд тэргүүлсэн бол 2011 оны хамгийн сүүлийн сарын шилдэг тамирчнаар Японы марафонд 2 дахь жилдээ дараалан түрүүлж, МУГТ цолыг хүртсэн марафоны тамирчин Б.Сэр-Од тодроод байгаа билээ.

2012 оны эхний сарын шилдэг тамирчнаар Казахстаны Алматыд болсон Мастеруудын тэмцээнд түрүүлсэн жүдоч С.Мияарагчаа шалгарсан билээ.

МҮОХ-оос та бүхэнд 2012 оны хамгийн эхний сард тив дэлхийн хэмжээний тэмцээнд амжилт гарган эх орон нэгтнүүдээ баярлуулж, үзүүлсэн амжилтаараа Монголын тамирчдыг манлайлсан шилдэг тамирчдыг “Хоёрдугаар сарын шилдэг тамирчин” шалгаруулалтанд нэр дэвшүүлснийг танилцуулж байна.


ХОЁРДУГААР САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД

 

Д.Дашням – Хонконгод болсон олон тэквондогийн “Алтан цом” олон улсын тэмцээнд өрсөлдөгчдөө ээлж дараалан ялсаар аварга болсон.

 

 

ОУХМ Доржсүрэнгийн Сумъяа –Германы Дюссельдорфод болсон гран-пригээс мөнгө, Унгарын Будапешт, Польшийн Варшавт болсон жүдогийн дэлхийн цомын тэмцээнүүдээс мөнгөн медаль тус тус хүртсэн.  Европын цуврал тэмцээнүүдээс гурван медаль хүртсэн манай ганц жүдоч.

 

 

Улсын аварга Сүхбаатарын Мөнхбат – Баясгалан хэмээх усан луу жилийн сар шинийн барилдаанд түрүүлсэн.

 

 

ОУХМ Сайнжаргалын Ням-Очир – Францын Парис хотод болсон Их дуулга тэмцээнд алт, Германы Дюссельдорфод болсон дэлхийн цомд мөнгөн медаль хүртсэн.

 

 

 

МУГТ Бат-Очирын Сэр-ОдЯпоны Бэпү марафонд 2:11,05 амжилтыг үзүүлэн мөнгөн медаль хүртэж, улсын дээд амжилтаа шинэчлэн тогтоосон.

 

 

Дахин сануулахад сарын шилдэг тамирчин 3 сарын 9-ний өдөр тодорно. Дараах байдлаар шилдгийг шалгаруулна. 

 

1. Онлайн санал асуулга (Вэб хуудас, бусад онлайн хэрэгслээр санал авах) – нийт саналын 50 хувь

2. Сарын шилдгийг дүгнэх комисс (Хамтрагч байгууллага бүрээс нэг нэг төлөөлөгч) – нийт саналын 50 хувь

 

 

Хүндэтгэсэн:

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРОО

Sorry, there are no polls available at the moment.

Азийн наадмын “Хөгжилтэй гүйлт”

CITIUS, ATLIUS, FORTIUS

Гурвалсан арга хэмжээний сүүлчийнх “Азийн наадмын хөгжилтэй гүйлт” байв. Уг арга хэмжээг Монголын хөнгөн атлетикийн холбоо, Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан юм. Уг гүйлтийг дөрвөн насны ангиллаар 400 гаруй хүүхдийн дунд зохион байгуулж, тэргүүлсэн хүүхдүүдэд медаль, үнэ бүхий зүйл гардуулан өглөө.

Азийн наадмын тухай хамгийн их мэддэг нь А.Анар

CITIUS, ATLIUS, FORTIUS


Гурван цуврал арга хэмжээний удаах нь Азийн наадмын “Fun Learn” буюу Азийн наадмын талаархи мэдлэгийг шалгах асуулт хариултын тэмцээнд дээр дурдсан сургуулийн 70 гаруй сурагч хамрагдлаа. Тэмцээн мөн л англи хэлээр явагдсан бөгөөд хүүхдүүд сонирхолтой хэлбэрээр Азийн наадам болон спортын талаарх мэдлэгээрээ өрсөлдсөн юм. Тэмцээнийг Азийн олимпийн зөвлөлийн ажилтан Вахид Кардани, Жиан Жоу нар удирдан явуулсан.  Энэхүү тэмцээний ялагчаар А.Анар илүү их бэлдсэн байж, ялалт байгууллаа. Тэрбээр энэ жилийн төгсгөлд Инчон хотноо зохион байгуулах шигшээ тэмцээнд оролцох юм.

Залуу сэтгүүлчдийн манлай нь Б.Эрдэнэ

February 29, 2012 by  
Filed under Инчон 2014

CITIUS, ATLIUS, FORTIUS

Азийн олимпийн зөвлөл, Монголын үндэсний олимпийн хороо, “Инчон 2014” Азийн наадмыг зохион байгуулах хорооноос хамтран зохион байгуулсан гурван цуврал арга хэмжээний эхнийх нь “Азийн наадмын залуу сэтгүүлчдийн хөтөлбөр” байлаа. Уг арга хэмжээнд 1-р сургууль, Орчлон, Кингс Кидс, Америк сургуулийн 52 хүүхэд хамрагдсан юм. Англи хэлээр явагдсан уг хөтөлбөрийг Азийн олимпийн зөвлөлийн “Спорт Ази” сэтгүүлийн редактор Жереми Уолкер, медиа менежер Жиан Жоу нар удирдан явуулсан юм. Нийт оролцсон хүүхдүүд спортын уралдаан тэмцээнийг хэрхэн сурвалжлах, ярилцлага хэрхэн хийх, мэдээг хэрхэн нийтлэх зэрэг спортын сэтгүүлчийн анхан шатны ойлголтыг өгсөн юм. Сургалтын төгсгөлд зохион байгуулагчид нийт оролцсон хүүхдүүдээс шалгалт авсан юм. Энэхүү шалгаруулалтанд Орчлон сургуулийн сурагч Б.Эрдэнэ өөрийн бичсэн мэдээ, нийтлэлээрээ тэргүүн байр эзэлж ирээдүйн спортын сэтгүүлч болох гараагаа амжилттай эхлүүллээ. Тэргүүн байр эзэлсэн тэрбээр 2014 онд болох “Инчон 2014” Азийн наадмыг сурвалжлах эрхээр шагнуулж байна.

Инчон хотын төлөөлөгчид МҮОХ-нд

February 29, 2012 by  
Filed under Азийн Олимпийн Зөвлөл, Гадаад

CITIUS, ATLIUS, FORTIUS

“Инчон 2014” Азийн наадмыг зохион байгуулах хорооны орлогч дарга Жүн Жи Ким болон бусад албаны хүмүүс Азийн наадамд зориулсан гурван цуврал арга хэмжээнд оролцохоор хүрэлцэн ирсэн юм. Өнөөдөр тэднийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүлээн авч уулзлаа. Монголчууд Азийн наадамд хэдийнээсээ амжилттай оролцдогийг тэр онцлоод, Инчоны азийн наадамд Гуанжоугийн амжилтаа давахыг хүсэн ерөөлөө. Түүнчлэн Азийн олимпийн зөвлөлөөс зохион байгуулж буй энэхүү арга хэмжээг хүлээн авсан анхны улс болсонд баяр хүргээд, “Лондон 2012” олимпийн наадам болон цаашдын ажилд  амжилт хүслээ.

Азийн олимпийн зөвлөлийн төлөөлөгчид МҮОХ-нд

February 28, 2012 by  
Filed under Азийн Олимпийн Зөвлөл, Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Азийн олимпийн зөвлөлийн спортын наадмын хэлтсийн дарга Хайдер Фарман, “Спорт Ази” сэтгүүлийн ерөнхий редактор Жереми Уолкер, медиа менежер Жиан Жоу,техникийн хэлтсийн ажилтан Вахид Кардани нар өчигдөр Монголын Үндэсний Олимпийн хорооны байранд зочилж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнтэй уулзлаа. Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн Азийн олимпийн зөвлөлтэй эртнээс сайн харилцаатай ажиллаж, Монгол улсад олимпизм, спортыг хөгжүүлэхэд хамтран зүтгэж байгааг онцлоод луу жилийн анхны зочиддоо Монголд байх хугацаандаа тухтай байхыг хүслээ.

Харин ноён Хайдер Фарман Монгол улс дэлхийн спортын талбарт аль хэдийнэ хүчирхэг орнуудын нэг болохыг хэлж, олимпийн наадам, Азийн наадам, залуучуудын олимпийн наадмуудад амжилттай оролцож байгаад баяр хүргэлээ. Түүнчлэн тэр ирэх зун болох Азийн элсний спортын гуравдугаар наадам, өвлийн олимпийн наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.

Төлөөлөгчдийн багийн тэргүүлэг Хайдер Фарман мөн Азийн наадмын хөгжилтэй гүйлт, хөгжилтэй мэдлэг, өсвөрийн сэтгүүлчдийн хөтөлбөрийг зохион байгуулж буй анхны улс болсонд баяр хүргэлээ.

2 сарын 28 ны өдөр Азийн наадмын залуу сэтгүүлчдийн хөтөлбөр, 29-ний өдөр Азийн наадмын хөгжилтэй гүйлт, хөгжилтэй мэдлэгийн тэмцээнүүд тус тус болох билээ.

Азийн наадмын өсвөрийн сэтгүүлчдийн хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Азийн олимпийн зөвлөл, Монголын үндэсний олимпийн хороотой хамтран гурван арга хэмжээг зохион байгуулж байна. Түүний эхнийх нь болох Азийн наадмын өсвөрийн сэтгүүлчдийн хөтөлбөр өнөөдөр “Олимпик Хаус”-д амжилттай болж өнгөрлөө. Ази тивд анх удаагаа болж байгаа хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд Азийн олимпийн зөвлөлийн спортын наадмын хэлтсийн дарга Хайдар Фарман, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар нар оролцлоо.  Монголын  Хөтөлбөрийг Азийн олимпийн зөвлөлийн “Олимп Ази” сэтгүүлийн ерөнхий редактор Жереми Уолкер, Азийн олимпийн зөвлөлийн олон нийт хариуцсан менежер Жиан Жоу нар удирдан явуулсан юм. Ноён Жереми Уолкер нь Англи улсын иргэн бөгөөд 30 гаруй жил спортын сэтгүүлч хийж, 1990 оноос хойшхи бүх олимп, азийн наадмыг сурвалжилсан туршлагатай сэтгүүлч билээ. Жиан Жоу нь Английн Ливерпулийн их сургуулийн доктор юм.  Уг арга хэмжээнд “Орчлон”, Улаанбаатарын Америк сургууль, “Кингс Кидс”, 1-р сургуулийн нийт 53 сурагч оролцсон юм. Уг хөтөлбөрт хамрагдсанаар хүүхдүүд спортын уралдаан тэмцээнийг сурвалжлахад анхаарах зүйлс, тамирчны тухай нийтлэл, мэдээг хэрхэн бичих, хэвлэлийн бага хуралд хэрхэн оролцох гээд спортын сэтгүүлчид байх анхан шатны мэдэгдэхүүнийг олж авлаа. Сургалтын төгсгөлд оролцогчдоос шалгалт авсан бөгөөд шалгарсан хүүхэд ирэх жил БНСУ-ын Инчон хотноо болох Азийн танхимын спорт, тулааны спортын наадмыг сурвалжлах эрхээр шагнуулна. Шалгарсан хүүхдийн нэр маргааш тодорхой болох бөгөөд “Хөгжилтэй гүйлт”-ийн үеэр зарлах ажээ.

Маргааш энэхүү арга хэмжээний хоёр, гурав дахь хэсгүүд явагдана. 2 сарын 29-ны 10,00 цагаас МҮОХ-ны хүүхдүүдийн дунд “Asian Games Fun Learn” буюу  спорт, Азийн наадмын мэдлэгийг сорьсон асуулт хариултын тэмцээн зохиогдох бол 14,00 цагаас Үндэсний соёл, амралтын хүрээлэнд Азийн наадмын хөгжилтэй гүйлт буюу “Asian Games Fun Run” зохион байгуулагдана. Азийн олимпийн зөвлөл энэхүү арга хэмжээг Азийн арван оронд зохион байгуулж байгаагийн анхных нь Монгол болж байгаа юм.

Италийн Ерөнхий сайдын шийдвэр олныг алмайруулж, ОУОХ-ны дэд ерөнхийлөгч ажлаа өглөө

February 23, 2012 by  
Filed under Олимп 2020

CITIUS, ATLIUS, FORTIUS

2020 оны олимпийн наадамд нэр дэвшихээ мэдэгдээд байсан Ром хот нэрээ татаж авснаа зарлалаа.  Италийн шинэ Ерөнхий сайд Марио Монти уг шийдвэрийг гаргасан бөгөөд улс эх оронд нь үүнээс өөр хийх зүйл их байна гэж үзсэн байна. Тэд өөрсдийн нэр дэвших компанит ажлын лого, бусад төслүүдээ бэлэн болгоод байсан ч ийнхүү татгалзсан юм. Нэр дэвшсэн материалыг хүлээн авах хугацаа дуусахаас 12-хон цагийн өмнө Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан нь энэ ажээ.

Үүнээс улбаалаад ОУОХ-ны дэд ерөнхийлөгч, Ром 2020 олимпийн наадамд нэр дэвших комиссийн дарга Марио Песканте өөрийн ОУОХ дахь ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ.

Баку, Доха, Истанбул, Мадрид, Токио хотууд 2020 оны зуны олимпийн төлөө өрсөлдөнө.

Харин Катарын Доха хот ялах аваас наадмыг 10 сарын 2 – 18-нд зохион байгуулна гэнэ.

Сар шинийн босгон дээр шагнуулав

February 20, 2012 by  
Filed under Мэдээ

CITIUS, ATLIUS, FORTIUS

Сар шиний баярыг тохиолдуулж, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн спорт, олимпизмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг хүлээн авч уулзаж, шагнал гардууллаа. Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, самбо жүдо бөхийн ахмад багш Д.Баатаржавыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Очир” одонгоор, спортын анагаах ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, тамирчдыг эрүүл чийрэг байлгах тал дээр тогтмол анхаарч ажилладаг 2-р эмнэлгийн захирал Г.Баясгалан, Монголын триатлоны холбооны дэд ерөнхийлөгч О.Ноож, Д.Жаргалсайхан нарыг “Олимпийн Алдар” одонгоор тус тус шагнасан бол Монголын анхны эмэгтэй уулын спортын мастеруудын нэг, гимнастикийн спортын мастер  Л.Дарьсүрэнг Алтан медалиар шагналаа.

Спортын эмэгтэй зүтгэлтнүүд Лос Анжелест чууллаа

February 20, 2012 by  
Filed under Дотоод, Спорт холбоод

CITIUS, ATLIUS, FORTIUS

АНУ-ын Калифорниа муж улсын Лос Анжелес хотноо “Спорт ба эмэгтэйчүүд” олон улсын тавдугаар их хурал амжилттай болж өнгөрлөө. 130 гаруй орны төлөөлөгч оролцжээ. Спортын бүсгүйчүүд уг хурлаар спортын удирдах байгууллага дахь эмэгтэйчүүдийн оролцоо, спортын уралдаан тэмцээн дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах байлаа. Хурлын үеэр ОУОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” шагналыг гардуулсан бөгөөд уг шагналыг Энэтхэгийн Маниша Малхотра гардлаа. Түүнчлэн тив тус бүрийн спортын гарамгай эмэгтэй зүтгэлтнүүдийг ОУОХ-ны цомоор шагнасан юм. 2009 онд МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Арвин уг шагналыг хүртэж байсан билээ.

Мөн энэ хурлаас спорт, олимпийн хөдөлгөөн дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх “Лос Анжелесийн тунхаг”-ийг баталсан юм.

Энэхүү хуралд Монгол улсаа төлөөлж МҮОХ-ны “Спорт ба эмэгтэйчүүд” комиссийн зохицуулагч П.Тунгалаг, АНУ-ын Лос Анжелес хотноо амьдардаг Монгол Улсын Гавьяат тамирчин, жүдо бөхийн ОУХМ, С.Дашдулам нар оролцлоо.