А.Энх-Ариуны тэмцээн дууслаа
January 21, 2012 by admin
Filed under Дотоод, Иннсбрук 2012, Мэдээ, Цана
CITIUS, ATLIUS, FORTIUS

Инсбрук-2012 залуучуудын олимпийн анхдугаар наадамд эх орноо төлөөлөн тэшүүрийн төрөлд оролцож буй А.Энх-Ариун охин өчигдөр бөөн гараатай уралдаанд уралдсанаар Монголчуудын хувьд оролцох бүх тэмцээндээ оролцож дууслаа. Энэхүү уралдаанд 26 тамирчин хурдаа сорьсноос манай тамирчин 6:38,07 мин амжилтаар 20-р байранд оржээ. Энэ төрөлд Недерландын тамирчин Саннеке де Нилин 6:01,06 амжилтаар алт, БНСУ-ын Су Жи Жан 6:01,13 мин амжилтаар мөнгө, Японы Симуре Кикучи 6:01,24 мин амжилтаар хүрэл медаль тус тус хүртжээ. Өвлийн залуучуудын анхдугаар олимпийн хаалтын ажиллагаа маргааш болно.
Наадмын тухай бусад мэдээлэл: www.innsbruck2012.com
МҮОХ-ны вэб хуудас: www.olympic.mn
Монголын багийн фото цомог: http://www.facebook.com/media/set/?set=a.10150527979611768.398656.375064866767&type=1
Монголын үндэсний олимпийн хорооны фото цомог: http://www.facebook.com/olympicMongolia
Д.Өсөхбаяр спринтийн төрөлд уралдлаа
January 20, 2012 by admin
Filed under Дотоод, Иннсбрук 2012, Мэдээ, Цана
CITIUS, ATLIUS, FORTIUS
Монголын багийн Залуучуудын олимпийн цанын тэмцээн өчигдөр болж өнгөрлөө. Эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын спринт буюу ойрын зайн (1 км) төрөлд манай тамирчин Д.Өсөхбаяр уралдлаа. Энэхүү уралдаанд 50 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин 2:09,87 амжилт үзүүлснээр 48-р байранд оржээ. Түүний ард Иран, Македоны цаначид орсон байна. Энэ төрөлд Андреас Молден (Норвеги), Мариус Кебулла (Герман), Александр Селянинов (ОХУ) нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж шагналын тавцан дээр гишгэлээ.
Наадмын тухай бусад мэдээлэл: www.innsbruck2012.com
Монголын багийн фото цомог: http://www.facebook.com/media/set/?set=a.10150527979611768.398656.375064866767&type=1
Монголын үндэсний олимпийн хорооны фото цомог: http://www.facebook.com/olympicMongolia
Цаныг цаначдад
Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хороо , цанын холбоотой байгуулсан гэрээний дагуу Булган, Завхан, Орхон, Хөвсгөл , Увс , Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Дорнод, Хэнтий аймгийн олимпийн зөвлөл, цанын салбар холбоод, Алдар, Замчин, Хилчин, Сүлд спортын хороодод өвлийн спортыг хөгжүүлэх , цаашдаа Сочи-2014, Пёнчан-2018 өвлийн олимпод өрсөлдөх шинэ залуу авьяастныг илрүүлэх, өсөх ирээдүйтэй тамирчдыг бэлтгэн гаргах цана, зориулалтын гутлын хамт бэлэглэлээ. Монголын үндэсний олимпийн хороо , Монголын цанын холбоотой “Цанын спортыг төрөлжүүлэн орон нутагт хөгжүүлэх санамж бичиг”-т гарын үсэг зурсан бөгөөд аймаг дүүргийн олимпийн зөвлөл , цанын салбар холбоодтой хамтран “Аваргыг аймагтаа бэлтгэе” хөтөлбөрийн хүрээнд энэхүү 20000 гаруй ам.долларын үнэ өртөг бүхий хос цана, бусад хэрэглэл материалын тусламжийг олгож байгаа юм. МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин цана гардсан байгууллагуудад дараа дараагийн тэмцээн, уралдаандаа амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.
Д.Өсөхбаяр уралдлаа
January 18, 2012 by admin
Filed under Дотоод, Иннсбрук 2012, Мэдээ, Цана
CITIUS, ATLIUS, FORTIUS

Хүүхдийн олимпийн анхдугаар наадамд оролцож буй манай хоёр дахь тамирчин Дандарын Өсөхбаяр өчигдөр уралдаанаа хийлээ. Эрэгтэйчүүдийн цуваа гараатай сонгомол төрлийн 10 км-ийн зайд уралдсан Төв аймгийн хүү хамгийн эхэнд гараанд гарсан бөгөөд 37:16,0 минутын амжилтаар 48 тамирчнаас 42-р байранд орсон байна. ОХУ-ын тамирчин Александр Селянинов (29:28,8 мин), Японы Кинтаро Ишикава (29:40,2), Казахстаны Сергей Малышев (29:57,5) амжилтаар эхний гурван байрыг эзэлжээ. Манай тамирчин ардаа Унгар, Австри, Армен, Кыргызстан, Аргентин, Грек улсын цаначдыг хийлээ.
Д.Өсөхбаяр орон нутгийн цагаар маргааш 1,2 км-ийн ойрын зайн чөлөөт уралдаанд (спринт) хурдаа сорино. Хүүхдийн өвлийн анхдугаар олимпийн наадам Зифельд Арена цогцолборт болж байгаа юм. (гэрэл зургийг МҮОХ-ны хамтрагч, ОУОХ-ны гэрэл зурагчин Ёо Нагаяа)
Тэмцээний дүн:http://www.olympic.mn/wp-content/uploads/2012/01/CCM010101_C73A_1.0.pdf
Бусад мэдээлэл: www.innsbruck2012.com
Монголын багийн фото цомог: http://www.facebook.com/media/set/?set=a.10150527979611768.398656.375064866767&type=1
Монголын үндэсний олимпийн хорооны фото цомог: http://www.facebook.com/olympicMongolia
Сочигийн олимпийн бэлтгэлээ “Скай ресорт”-д базаана
CITIUS, ATLIUS, FORTIUS
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Монголын үндэсний олимпийн хороо, “Скай резорт” ХХК, Монголын цанын холбоо хамтран өвлийн спортыг хөгжүүлэх зорилготой “Сочи 2014” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Уг хөтөлбөрийн гэрээг байгуулах арга хэмжээ өчигдөр Спортын төв ордонд болсон юм.
Ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, БТСГын дарга Ч.Наранбаатар, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, “Скай резорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Батсуурь, Монголын цанын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Р.Раш нар оролцож, гарын үсэг зурлаа.
Иннсбрукийн олимпод оролцох багийг үдэх ёслолын ажиллагаа боллоо
CITIUS, ATLIUS, FORTIUS
Австрийн Иннсбрук хотноо 2012 оны 1-р сарын 13 – 22-нд Залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадам зохиогдоно. Энэхүү олимпийн наадамд Монгол улсаас цанын төрөлд Д.Өсөхбаяр, тэшүүрийн төрөлд А.Энх-Ариун нар эрхээ авч оролцохоор болсон билээ. Өнөөдөр тус наадамд оролцох Монголын багийг үдэн гаргах ёслолын ажиллагаа болж, уг үйл ажиллагаанд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Монгол улсын Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар нар оролцлоо. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өсвөрийн шилдэг тамирчдад Инсбрукийн нээлтийн ажиллагаанд мандуулах төрийн алтан соёмбот далбааг гардуулахдаа Сингапурын анхдугаар зуны олимпийн наадамд оролцсон залуусынхаа амжилтыг дурдаж, тэдний амжилтыг цас, мөсөн замд үргэлжлүүлэхийг хүслээ.
Тэртээ 48 жилийн өмнө Монгол улс анх удаа олимпод оролцохдоо Инсбрукийн цас, мөсөн замд мөрөө татуулж байсан билээ.
Төв аймгийн Борнуур сумын харьяат Д.Өсөхбаяр нь спортын дэд мастер цолтой, сумынхаа сургуулийн 11-р ангид сурдаг, тав дахь жилдээ цанын спортоор хичээллэж байгаа юм. Түүний багш спортын мастер Д.Ичинхорлоо тус сумын сургуулийн биеийн тамирын багш бөгөөд аймгийн цанын шигшээ багийн дасгалжуулагчийн албыг давхар хашдаг билээ. 2010 оны улсын хошой аварга тэрбээр олимпийн наадамд оролцох эрхээ өнгөрсөн жил Эстонид болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авчээ.
15 настай А.Энх-Ариун нь нийслэлийн арван жилийн нэгдүгээр сургуулийн аравдугаар ангийн сурагч. Гавьяат тамирчин Л.Цэнд, Г.Болд, Д.Энхбаяр нарын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг юм. Канад, Герман, Норвегид болсон цуврал тэмцээнд хурд сорьсоор Австри улс руу зорих эрхийн бичгээ өвөртөлжээ.
Австрийн Инсбрук хотноо болох өвлийн олимпийн анхдугаар наадамд 60 гаруй улсын 1050 тамирчин 15 спортын төрөлд 63 багц медалийн төлөө тэмцэлдэнэ. Инсбрук хот өмнө нь 1964, 1976 онд өвлийн олимпийн наадмыг зохион байгуулж байсан туршлагатай хот билээ.














