“ИНСБРУК-2012” ӨНДӨРЛӨЖ, “ЛИЛЛЕХАММЕР-2014”-ИЙН БУУХИА ЭХЛЭВ
January 24, 2012 by admin
Filed under Иннсбрук 2012
CITIUS, ATLIUS, FORTIUS
Монголын цаначин хүү, тэшүүрчин охин хоёр тэмцээнээ дуусгалаа. Эхлээд Дандарын Өсөхбаяр “Зифельд арена” цогцолборт болсон 1.2 км спринт уралдаанд өрсөлдөж, 50 тамирчнаас 48-р байр эзэлж, ардаа Иран, Македоны цаначдыг орхив.
Тэшүүрийн зайд цана хөлөглөж, тэшин уралддаг энэ төрлийнхөн эхлээд 32 шилдгийг шалгаруулан, дараа нь дөрөв дөрвөөр нь хэсэгчилж, түрүүлсэн тамирчид медалийн төлөө өрсөлдөхөд А.Мольден (Норвеги), М.Цебулла (Герман), А.Селянинов (ОХУ) нар тэргүүлсэн байна.
ЦАНЫН ӨСӨХӨӨ, ЦАГААН ОЛИМПИЙН ӨСӨХӨӨ
Ийнхүү үндэсний бөхийн даян аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, уулын спортын гавьяат тамирчин Готовдоржийн Өсөхбаяр нарын адил Борнуурын 17 настай, цаначин борхүү Дандарын Өсөхбаяр эх орноо төлөөлөн “Инсбрук-2012”-д оролцсон цорын ганц “зандан хүлэгтэн”-ээр тодорч, цаашдаа “Сочи-2014”, “Пёнчан-2018”-д өндөр амжилт гаргахаар зориг шулуудлаа. “Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь ба олимп” гэж…
ОРДОНГҮЙ Ч ОЛИМПДОО УРАЛДСАН НЬ
Харин гүйлтийн тэшүүрчин, 16 настай Алтантулга овогтой Энх-Ариун бөөн гараатай найман тойргийн уралдаанд шандас сорьж, тэр бүү хэл таван тойрог салхийг авч тэргүүлж явсан боловч барианд 26 тамирчнаас 20-р байрт (6 минут, 38.7 секунд) оров. Гэхдээ түүний ард тойргоо гүйцээгээгүй, замдаа техникийн алдаа гарган унасан Итали, БНХАУ, Норвеги (2), Казахстан, Голланд улсын тэшүүрчид бичигдлээ. Дээвэртэй мөсөн гулгуурын ордонгүй нөхцөлд бэлтгэл хийдэг А.ЭнхАриун охин мөн л өвлийн спортынхны шинэ үеийг шинэ оргил өөд уриалан дуудлаа. Тус зайд С.Де-Нилинг (Голланд) 6 минут 01.06 секунд, Жан Сү-Жи (БНСУ) 6.01,13, С.Кикүчи (Япон) 6.01,24 амжилтаар медалийн тавцанд хөл тавьсан ажээ.
АНГЛИЧУУДЫН АЗЫН МЕДАЛЬ
“Лондон-2012” олимпийн эх нутгийн англичууд арайхийж 1 мөнгө, 1 хүрэл медаль шорт-трекийн төрөлд хүртэв. Ж.Барруос, А.Жемаль нар олон улсын гулгалтын холимог багийн бүрэлдэхүүнд багтан, Солонгос, Хятад, Украин хүүхдүүдийн ачаар хамтын медаль хүртсэн нь энэ.
“ЭЛЧИН САЙДАА” ОРХИЖ, ТАМИРЧИН ХУВЦСАА ӨМСӨНӨ
ОУОХ-ноос томилсон “Олимпийн элч төлөөлөгчид” ирээдүйн залуу ододтой идэвхитэй ажиллаж, үлгэр дуурайлал үзүүлсээр байна. АНУ-ын уулын цанын од, олимп, дэлхийн гурван удаагийн аварга, 27 настай Линдсей Вонн саяхан Пачеркотель дахь уулын цанын цогцолборточиж, хүүхдүүдтэй уулзсан байна. Тэрбээр “Инсбрук-2012”-ийн дараа шууд Словени руу нисч, Краниска Горад эхлэх дэлхийн цомд уралдах юм.
МОНГОЛ БА АВСТРИ
МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар нар Австрийн ҮОХ-ны хүндэтгэлийн хүлээн авалтад уригдаж, орон орны мэргэжил нэгт нөхөдтэйгөө уулзав. Австрийн ҮОХ-ны Ерөнхийлөгч Карл Штосс, ерөнхий нарийн бичгийн дарга П.Меннель нар тус наадамд оролцож буй 70 орны ҮОХ-нд талархлаа илэрхийлэв. Дашрамд дурдахад, МҮОХ нь 1995 онд Австрийн ҮОХ-ны Ерөнхийлөгч Лео Вальнерийн үед хамтын ажиллагааны гэрээнд Вена хотноо гарын үсэг зурсан бөгөөд тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Меннель хоёр жилийн өмнө хувийн мото-аяллын шугамаар манай оронд саатаж, “Olympic House”-д зочилсон билээ.
ХОККЕЙН ӨВӨӨ МИШЭЭВ
Залуучуудын өвлийн олимпод олон ач, зээ нар алдар суут өвөөгийнхөө залгамж халааг үргэлжлүүлж буйгаа “зарлан тунхаглаж” байна. Сноубордын тэмцээнд Канадын Майкл Чикарелли түрүүлэхэд “Миннесота” клубт 19 жил тоглосон, мэргэжлийн хоккейчин Дино өвөө нь цэнхэр дэлгэцийнхээ өмнө баярласан нь лавтай.
АНХНЫ ДАРХАН АВАРГА
“Инсбрук-2012” олимпийн хамгийн анхны дархан аваргаар уулын цаначин Марко Шварц тодорлоо. Энэхүү авьяаслаг австри хөвгүүн уулнаас туг сүлжих төрлөөр ганцаарчилсан ба багийн ангилалд гурвын гурван алтан медалиар энгэрээ мялаажээ.
ШҮХЭР ХЭРЭГТЭЙ ЮУ?
Өвлийн олимпийн наадмын үеэр намрын бороо орж, ялангуяа цаныхны зам нь мөстөн хальтиргаатаж, тэмцээний дүнд сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн олон тэмцээн хойшлогдож, зохион байгуулагчдын ачаалал нэмэгдсэн нь тоогүй.
ХОККЕЙ ТОГЛООГҮЙ ХОККЕЙН АВАРГУУД
Хоккейн тулаанд шалгараагүй багийнхны дунд ур чадварын тэмцээн хийв. Уг тэмцээнд Латвийн хоккейчин А.Василонокс хурд, хууралт, цохилт, техникээр “толгой цохиж” түрүүлсэн бөгөөд түүний “буудсан шайб” 145.2 км/цагийн хурд үзүүлжээ. Харин эмэгтэйчүүдэд Ю.Цвартхоэд (Голланд) түрүүлжээ. Гэхдээ юуны олимпийн аварга гэхийг одоогоор хэн ч хэлж мэддэггүй ээ.
ЗОЧЛОМТГОЙ ЗАН БУРУУ ГЭЖ ҮҮ?
ОУОХ-ны олимпийн наадмын асуудал эрхэлсэн захирал Жильберт Фелли “Наньжин- 2014” залуучуудын зуны II олимпийн наадмыг зохион байгуулах хорооны орлогч нарийн бичгийн дарга Лю Юаньтай уулзаж, Инсбрук шиг эдийн засгийн хэмнэлттэй, эгэл даруу байх зарчмыг баримтлахыг үүрэг болгов. Хүүхдүүдийг тансаглуулахгүй, эрхлүүлэхгүй, давруулахгүйгээр зөв хүмүүжүүлж, ирээдүйн сайн тамирчин, сайн хүн болгоход “YOG” буюу залуучуудын олимпийн наадмын гол зорилго орших болно гэдгийг ОУОХ-ноос эцэс төгсгөлгүй найр цайллага, бэлэг сэлт, бэлэн унаагаар үйлчилдэг хятадуудад зориуд анхааруулав. Азийн зочломтгой зан буруу гэж үү?
БӨМБӨГ ДЭЛБЭРВЭЛ АЮУЛТАЙ ГЭЖ…
Олон сайхан дурсамж дүүрэн Австрийн олимпийн үеэр сэтгэл сэрдхийлгэм нэгэн үйл явдал болов. “Medal Plaza” буюу шагнал гардуулах ёслол болдог “Боцнер Плац” талбайгаас 400 м-ийн зайд барилгын ажилгүйцэтгэж байсан ажилчид эх орны дайны үеийн 65 кг хүнд жинтэй дэлбэрээгүй бөмбөг олох нь тэр ээ. Өндөр мэргэжлийн 65 хүнтэй тусгай бригад Вена хотоос десант бууж, дөрвөн цаг ажилласны эцэст бөмбөгний цэнэгийг суллаж, байдлыг аюулгүй болгосон байна. Инсбрукийн цагдаагийн газрын дарга Маркус Аунгерийн мэдэгдсэнээр Альпийн энэхүү цасан хотоос сүүлийн 20 жилд эх орны дайны үеийн дэлбэрч амжаагүй 10 бөмбөгийг илрүүлсэн ажээ.
УЙДАХ ЗАВГҮЙ ОЛИМПИЙН ТОСГОН
Хүүхдийн олимпийн нэг онцлог бол эхнээсээ дуустал заавал байх, чөлөөт цагаараа соёл, олон түмний ажил, үдэшлэг, өдөрлөгт идэвхитэй оролцох, олон орны холимог багаар тэмцээнд орох зэрэг найрамдал нөхөрлөлийн уур амьсгалд умбадаг билээ. “Mongolia” хувцастай манай хоёр ч бусдаас дутахгүй идэвхийлж, бузгай сонирхолтой гүйж явна. Өсөхөө, Энхээ хоёр WADA-гийн допингийн тухай асуулт хариултад оролцон, хонжвор авч, Австри бүжиг сурч, бас хажуугаар нь “Gymnasium Haal” ордонд нээгдсэн “Mongolia” гэсэн сурталчилгааны “улаан булан”-д зочлоод амжжээ. Инсбрукийн дунд сургуулийн сурагчид Монголын тухай сурталчилгааны самбар гарган, ноднин жил манай улсад жуулчилсан танилаасаа багш нь дээл, малгайг нь түр зээлж авсан гэнэ шүү. Мөн англи хэлтэй Энхээ ОУОХ-ны Ерөнхийлөгч Ж.Роггетой хийх уулзалтад оролцсон байна.
ТЭШҮҮРИЙН “ГОРОО”
Тавхан хүний бүрэлдэхүүнтэй Монголын цомхон багт голланд үндэстэн Николет, словени угсаатан Вероника нар туслахаар хүчин зүтгэсэн байна. Хөлөндөө тэшүүр зүүж төрдөг гэмээр голландчуудын нэгэн адил Николет манай дасгалжуулагч Д.Энхбаярын “ган хөлгийг” хөлдөө углан, “Olympic Oval” ордны мөсөн замаар 3 тойрог гороолон тэшсэндээ бэлгэшээж, магнай тэнийсэн гэнэ ээ.
ХОЁР ХӨРШ “ХАВСАЙДАВ”
Өсвөрийн олимпийн хамгийн олонүзэгчтэй нь уран гулгалтын тэмцээн байлаа. “Olympic Ice Stadium”-ийн 4120 суудал өдөр бүр пиг дүүрч, бүх алтыг хоёр их хөрш маань хос хосоор нь “булаан авав”. Э.Туктамышева (14 нас) эмэгтэй ганцаарчилсанд, А.Яновская-С.Мозгов нар спортын бүжгийн төрөлд түрүүлсэн бол эрэгтэйчүүдийн “сунгаанд” Хань Янь, хос гулгалтад Жинь Ян-Юй Шяоюй нар аваргалсан байна. Харин Наран улсын ганц гулгагч хоёр их гүрний медалийн “хувьцаанаас” ганц мөнгө сугалж, бусад оронд ямар ч өөр шагнал хүртсэнгүй ээ.
ЁОГҮЙ ЁО
Монголын багийн тусгай сурвалжлагч мэт чинь сэтгэлээсээ ажиллаж, олон сайхан агшныг бидэнд үнэ төлбөргүй бэлэглэсэн, ОУОХ-ны гэрэл зурагч Ёо Нагаяад манайхан талархлаа илэрхийлэв. Наран ургах зүгийн Япон улсын Ё.Нагая олон наадамд Монголын багийнхны зургийг авч, монголчуудад сэтгэл харамгүй хандивладаг. Тэрбээр 2007 онд Монгол улсад айлчилсан бөгөөд сүмо бөхөд барилдааны өмнө давсыг өөд нь өндөр цацдагаараа алдартай Митоизүмигийн төрөлх хот Митод хамт аж төрдөг гэнэ.
ИЛЬВА, НЕО ХОЁР
Харин “Инсбрук 2012”-ын Зохион байгуулах хороонд манайхыг хариуцдаг шар, бор хоёр бүсгүй ажилладаг. Латви үндэстэн Ильва Сиемите сургуулиа төгсөөд, харь газар алба хашихаар зориг шулуудан, Инсбрукийн сайн дурынхны хөтөлбөрт хамрагдан, авьяас зүтгэлээрээ тодрон, ЗБХ-ны сайчуудын эгнээнд гялалзаж байна.
Тэрбээр орос хэлээр ус цас тул “Сочи-2014” олимпийн мөс цасанд дэвшин ажиллах чинь хүсэлтэй. Ли Нео бол Малайзийн иргэн бөгөөд “Сингапур 2010” залуучуудын зуны олимпийн анхдугаар наадмын үеэр дайчлагдсан ба дараа нь Лозаннд боловсролоо дээшлүүлсэн.
Хятад хэлтэн тул “Наньжин-2014” залуучуудын олимпод зүтгэх мөрөөдөлтэй. “Сингапур -2010”-д 500 гаруй сайн дурынхан “дуулбал дуу нэг, дугтарвал хүч нэг” байсан бол энд 50 ч хүрэхгүй “staff” ажиллажээ.
ТӨРСӨН ӨДӨР, ХААЛТЫН ЁСЛОЛ
Ийнхүү 2012 оны спортын томоохон үйл явдлын нэг залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадам нэгдүгээр сарын 13-22-ны өдрүүдэд Австри улсын Тироль мужийн Инсбрук хотноо 10 хоног үргэлжилж, буухиагаа Лиллехаммер хотод дамжууллаа. Орон орны хүүхдүүд 1994 онд өвлийн том олимпийг “толгой өвдөхгүй” зохиосон Норвегийн Лиллехаммер хотод дөрвөн жилийн дараа уулзахын ерөөл тавилаа. Хаалтын ёслолтой төрсөн өдөр нь давхцаж буй тэшүүрчин А.Энх-Ариун төрийнхөө далбааг залж, Монгол улс ОУОХ-ны өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ. Ойрын ирээдүйд цас, мөсний уламжлалтай цан хүүрэгт Монгол оронд өвлийн спорт хөгжин дэвжих нь дамжиггүй. (Бусад мэдээллийг www.innsbruck2012.com-оос үзнэ үү!)
БАЯРСАЙХАНЫ БАЯРТУЯА (МҮОХ)
Зифельд-Инсбрук
Монгол хүүхдүүд олон улсын соёлын хөтөлбөрт
January 21, 2012 by admin
Filed under Дотоод, Иннсбрук 2012, Мэдээ
CITIUS, ATLIUS, FORTIUS
Тэмцээнээ дуусгасан манай хоёр тамирчин хүүхэд Залуучуудын олимпийн үеэр зохиогдож буй олон улсын соёлын хөтөлбөрт идэвхитэй оролцож байна. ЮНИСЕФ, НҮБ, ОУОХ, Иннсбрукийн олимпийн зохион байгуулах хорооноос хамтран зохион байгуулж буй энэхүү хөтөлбөр нь улс үндэстэн болгоны соёлыг бусдад таниулах, хүүхэд залууст соёлын мэдлэг олгоход чиглэж байгаа юм. Манай хоёр хүүхэд улс болгоны танхимд зочилж, арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцож байгаа бөгөөд оноот уралдаанд оролцож байгаа ажээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд Монголын тухай танхим ажиллаж, түүнийг Хаалын дунд сургуулийн хүүхэд багачууд удирдан явуулж байна. МҮОХ-ны зүгээс тус сургуулийн хүүхдүүдэд бяцхан бэлгийг өгч, талбайн тохижолтонд зориулсан ном, хуанли зэргийг гардуулан өгсөн юм. Тус сургуулийн багш арга хэмжээний үеэр монгол дээл өмссөн байсан нь ихэд сонирхолтой байлаа. Түүнээс дээлний тухай асуухад өнгөрсөн жил Монгол явсан найзаасаа түр зээлж өмсөж буйгаа хэлсэн юм.
Наадмын тухай бусад мэдээлэл: www.innsbruck2012.com
МҮОХ-ны вэб хуудас: www.olympic.mn
Монголын багийн фото цомог: http://www.facebook.com/media/set/?set=a.10150527979611768.398656.375064866767&type=1
Монголын үндэсний олимпийн хорооны фото цомог: http://www.facebook.com/olympicMongolia
А.Энх-Ариуны тэмцээн дууслаа
January 21, 2012 by admin
Filed under Дотоод, Иннсбрук 2012, Мэдээ, Цана
CITIUS, ATLIUS, FORTIUS

Инсбрук-2012 залуучуудын олимпийн анхдугаар наадамд эх орноо төлөөлөн тэшүүрийн төрөлд оролцож буй А.Энх-Ариун охин өчигдөр бөөн гараатай уралдаанд уралдсанаар Монголчуудын хувьд оролцох бүх тэмцээндээ оролцож дууслаа. Энэхүү уралдаанд 26 тамирчин хурдаа сорьсноос манай тамирчин 6:38,07 мин амжилтаар 20-р байранд оржээ. Энэ төрөлд Недерландын тамирчин Саннеке де Нилин 6:01,06 амжилтаар алт, БНСУ-ын Су Жи Жан 6:01,13 мин амжилтаар мөнгө, Японы Симуре Кикучи 6:01,24 мин амжилтаар хүрэл медаль тус тус хүртжээ. Өвлийн залуучуудын анхдугаар олимпийн хаалтын ажиллагаа маргааш болно.
Наадмын тухай бусад мэдээлэл: www.innsbruck2012.com
МҮОХ-ны вэб хуудас: www.olympic.mn
Монголын багийн фото цомог: http://www.facebook.com/media/set/?set=a.10150527979611768.398656.375064866767&type=1
Монголын үндэсний олимпийн хорооны фото цомог: http://www.facebook.com/olympicMongolia
Д.Өсөхбаяр спринтийн төрөлд уралдлаа
January 20, 2012 by admin
Filed under Дотоод, Иннсбрук 2012, Мэдээ, Цана
CITIUS, ATLIUS, FORTIUS
Монголын багийн Залуучуудын олимпийн цанын тэмцээн өчигдөр болж өнгөрлөө. Эрэгтэйчүүдийн гүйлтийн цанын спринт буюу ойрын зайн (1 км) төрөлд манай тамирчин Д.Өсөхбаяр уралдлаа. Энэхүү уралдаанд 50 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин 2:09,87 амжилт үзүүлснээр 48-р байранд оржээ. Түүний ард Иран, Македоны цаначид орсон байна. Энэ төрөлд Андреас Молден (Норвеги), Мариус Кебулла (Герман), Александр Селянинов (ОХУ) нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж шагналын тавцан дээр гишгэлээ.
Наадмын тухай бусад мэдээлэл: www.innsbruck2012.com
Монголын багийн фото цомог: http://www.facebook.com/media/set/?set=a.10150527979611768.398656.375064866767&type=1
Монголын үндэсний олимпийн хорооны фото цомог: http://www.facebook.com/olympicMongolia
Д.Өсөхбаяр уралдлаа
January 18, 2012 by admin
Filed under Дотоод, Иннсбрук 2012, Мэдээ, Цана
CITIUS, ATLIUS, FORTIUS

Хүүхдийн олимпийн анхдугаар наадамд оролцож буй манай хоёр дахь тамирчин Дандарын Өсөхбаяр өчигдөр уралдаанаа хийлээ. Эрэгтэйчүүдийн цуваа гараатай сонгомол төрлийн 10 км-ийн зайд уралдсан Төв аймгийн хүү хамгийн эхэнд гараанд гарсан бөгөөд 37:16,0 минутын амжилтаар 48 тамирчнаас 42-р байранд орсон байна. ОХУ-ын тамирчин Александр Селянинов (29:28,8 мин), Японы Кинтаро Ишикава (29:40,2), Казахстаны Сергей Малышев (29:57,5) амжилтаар эхний гурван байрыг эзэлжээ. Манай тамирчин ардаа Унгар, Австри, Армен, Кыргызстан, Аргентин, Грек улсын цаначдыг хийлээ.
Д.Өсөхбаяр орон нутгийн цагаар маргааш 1,2 км-ийн ойрын зайн чөлөөт уралдаанд (спринт) хурдаа сорино. Хүүхдийн өвлийн анхдугаар олимпийн наадам Зифельд Арена цогцолборт болж байгаа юм. (гэрэл зургийг МҮОХ-ны хамтрагч, ОУОХ-ны гэрэл зурагчин Ёо Нагаяа)
Тэмцээний дүн:http://www.olympic.mn/wp-content/uploads/2012/01/CCM010101_C73A_1.0.pdf
Бусад мэдээлэл: www.innsbruck2012.com
Монголын багийн фото цомог: http://www.facebook.com/media/set/?set=a.10150527979611768.398656.375064866767&type=1
Монголын үндэсний олимпийн хорооны фото цомог: http://www.facebook.com/olympicMongolia
А.Энх-Ариун уралдааны салхийг хагаллаа
January 16, 2012 by admin
Filed under Иннсбрук 2012, Мэдээ, Тэшүүр
CITIUS, ATLIUS, FORTIUS
Залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадмын эхний өдөр Монголын тамирчин, 15 настай тэшүүрчин охин А.Энх-Ариун нэгдүгээр гараанд, нэгдүгээр замаар, нэг номертой уралдлаа. Тэрбээр Беларусийн үе тэнгийн өрсөлдөгч Наталья Храмцоватай өрсөлдөж, түүний хурдыг арай гүйцээгүй ч нийт 16 тамирчнаас 14 байрт орж, ардаа ОХУ, Польшийн тэшүүрчдийг орхисон байна. А.Энх-Ариун Австрид ирэхээсээ өмнө Германы алдарт Инцельд сорилт тэмцээнд оролцож, хамтарсан бэлтгэлээ багш Д.Энхбаярын хамт базаасан юм.
Эмэгтэй, 500 м.
1.Жан Ми (БНСУ) 81,68 2 . Ш и Сяошуань (БНХАУ) 84,32 3.Мартин Брун (Норвег) 87,51 …14.А.Энх-Ариун (Монгол) 94,75
Инсбрукийн олимп хөшгөө нээлээ
January 14, 2012 by admin
Filed under Иннсбрук 2012, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
Орон нутгийн цагаар өчигдөр орой Австрийн Иннсбрук хотноо залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадам нээлтээ хийлээ. Уг наадамд 70 орны 1059 тамирчин спортын долоон төрөлд 63 багц медалийн төлөө хүч үзнэ.
Манай улсаас цанын төрлөөр Төв аймгийн тамирчин Д.Өсөхбаяр, тэшүүрийн төрлөөр Улаанбаатар хотын 1-р сургуулийн тамирчин А.Энх-Ариун нар оролцох юм. Өчигдөр нээлтийн ажиллагаанд Монголын багийн тугчаар Д.Өсөхбаяр хүү ажиллалаа.
Төв аймгийн Борнуур сумын харьяат Д.Өсөхбаяр нь спортын дэд мастер цолтой, сумынхаа сургуулийн 11-р ангид сурдаг, тав дахь жилдээ цанын спортоор хичээллэж байгаа юм. Түүний багш спортын мастер Д.Ичинхорлоо тус сумын сургуулийн биеийн тамирын багш бөгөөд аймгийн цанын шигшээ багийн дасгалжуулагчийн албыг давхар хашдаг билээ. 2010 оны улсын хошой аварга тэрбээр олимпийн наадамд оролцох эрхээ өнгөрсөн жил Эстонид болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авчээ.
15 настай А.Энх-Ариун нь нийслэлийн арван жилийн нэгдүгээр сургуулийн аравдугаар ангийн сурагч. Гавьяат тамирчин Л.Цэнд, Г.Болд, Д.Энхбаяр нарын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг юм. Канад, Герман, Норвегид болсон цуврал тэмцээнд хурд сорьсоор Австри улс руу зорих эрхийн бичгээ өвөртөлжээ.
Орон нутгийн цагаар өнөөдөр 10,30 цагаас А.Энх-Ариун 500 метрийн зайд уралдана.
Та бүхэн хүүхдийн олимпийн наадмын зургийг доорх хаягнаас үзнэ үү.
Фэйсбүүк хаяг: http://www.facebook.com/olympicMongolia
Фото цомог: http://www.facebook.com/media/set/?set=a.10150527979611768.398656.375064866767&type=1
Инсбрукийн олимп өнөөдөр эхэлхэ
January 13, 2012 by admin
Filed under Иннсбрук 2012, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
Маргааш “хөшгөө нээх” “Инсбрук-2012” залуучуудын өвлийн анхдугаар наадамд оролцох 60 улсын 1100 тамирчин Австрид цуглараад байна. Спортын 15 төрөлд 63 багц медалийн төлөө өрсөлдөх тэдний дунд манай цаначин Д.Өсөхбаяр, тэшүүрчин А.Энх-Ариун нар багтсан юм. 48 жилийн тэртээ олимпийн энхийн салхинд төрийн далбаагаа анх мандуулсан Л.Цэнд гавьяатын мөрөөр цаначин хүү алтан соёмбот тугаа Инсбрукийн тэнгэрт мандуулна.
Түүхийн хуудас сөхвөл ОУОХ-ны 2008 оны ээлжит чуулганаар тус наадмын хотыг тодруулсан бөгөөд насанд хүрэгчдийн хоёр ч олимпийг амжилттай зохион байгуулсан Инсбрукийг Финландын Куопиогоос илүү хэмээн итгэл хүлээлгэжээ.
1964 онд болсон Инсбрукийн өвлийн IX олимпод 36 улсын 1091 тамирчин 34 багц медалийн төлөө өрсөлдсөн бөгөөд манай найман цаначин, гурван тэшүүрчин цасан зам, мөсөн талбарт хурд хүчээ сорьжээ. ЗХУ-ын тэшүүрчин Лидия Скобликова дөрвөн зайд аваргалсан амжилтаар тус олимпийн гол баатраар тодорч, Францын төрсөн эгч дүүс Кристиан, Мариелл Гойцчел нар слалом, жиант слаломын төрөлд алт, мөнгөн медаль зүүсэн баярт мөчийг санахын зэрэгцээ бэлтгэлийн үеэр нас барсан Австралийн уулын цаначин Росс Милен, Британийн чаргачин Кай Казимерз нарын гашуун түүх үлдээсэн юм. Тамирчдын аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах асуудал юу юунаас чухал гэдгийг энэ явдал харуулсан. “Инсбрук-1964”-т медалийн тоогоор ЗХУ тэргүүлж (11 алт, найман мөнгө, 6 хүрэл), Австри (4 алт, 5 мөнгө, 3 хүрэл), Норвег (3 алт, 6 мөнгө, 6 хүрэл) удаалжээ. Тэгвэл мөн хотод 12 жилийн дараа айлчилсан цагаан олимпод 37 улсын 1123 тамирчин 37 багц медалийн төлөө өрсөлдсөн түүхтэй. Уулын цаначин Франц Кламмер нутгийнхаа дэвжээнд аваргын титэм хүртэж, америк гулгагч Дороти Хэмилл цогтой тоглолтоороо бүхнийг хөгжөөн, Татьяна Аверина ЗХУ-ын шигшээ багт хоёр алт, хос хүрэл медаль нэмсэн байна. Медалийн тоогоор мөн л ЗХУ (13 алт, 6 мөнгө, 8 хүрэл) манлайлж, Зүүн Герман (7 алт, 5 мөнгө, 7 хүрэл) АНУ (3 алт, 3 мөнгө, 1 хүрэл) удаад нь орсон уг олимпийг монголчууд өнжсөн билээ.
1968 оны Универсиад, 2005 оны хоккейн ДАШТ, трамплины тив, дэлхийн тэмцээнийг зохион байгуулсан хур туршлагатай Инсбрук залуучуудын анхдугаар олимпийн зохион байгуулалтад 22,5 сая доллар, барилга байгууламж, тамирчдын тосгонд 121 сая доллар зарцуулсан гэсэн тооцоо гарчээ. XXI зуунд анх удаа Австри улсад болох залуучуудын эхний олимпод тамирчид биатлон, бобслей, скелетон, керлинг, хоккей, уран гулгалт, чарга, шорт-трек, тэшүүр, уулын болон гүйлтийн цана, цанын хоёр төрөлт, сноуборд, трамплинаас харайлт, фристайлын төрөлд хүч сорино. Австрийн 65 хотоор 3753 км зам туулсан олимпийн бамбар төв цэнгэлдэх хүрээлэнд тухлахад ганцхан хоног үлдлээ. Цас мөсний тэмцээнд аагим Африкийн Камерунаас эхлээд цас унадаггүй олон орны цаначид, тэшүүрчид өрсөлдөнө. “Лондон-2012“ зуны олимпийг зохион байгуулах Их Британи улс ч гэсэн Инсбрукт ач холбогдол өгч 23 тамирчнаа илгээжээ.
Иннсбрукийн олимпод оролцох багийг үдэх ёслолын ажиллагаа боллоо
CITIUS, ATLIUS, FORTIUS
Австрийн Иннсбрук хотноо 2012 оны 1-р сарын 13 – 22-нд Залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадам зохиогдоно. Энэхүү олимпийн наадамд Монгол улсаас цанын төрөлд Д.Өсөхбаяр, тэшүүрийн төрөлд А.Энх-Ариун нар эрхээ авч оролцохоор болсон билээ. Өнөөдөр тус наадамд оролцох Монголын багийг үдэн гаргах ёслолын ажиллагаа болж, уг үйл ажиллагаанд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, Монгол улсын Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатар нар оролцлоо. Эрүүл мэндийн сайд С.Ламбаа өсвөрийн шилдэг тамирчдад Инсбрукийн нээлтийн ажиллагаанд мандуулах төрийн алтан соёмбот далбааг гардуулахдаа Сингапурын анхдугаар зуны олимпийн наадамд оролцсон залуусынхаа амжилтыг дурдаж, тэдний амжилтыг цас, мөсөн замд үргэлжлүүлэхийг хүслээ.
Тэртээ 48 жилийн өмнө Монгол улс анх удаа олимпод оролцохдоо Инсбрукийн цас, мөсөн замд мөрөө татуулж байсан билээ.
Төв аймгийн Борнуур сумын харьяат Д.Өсөхбаяр нь спортын дэд мастер цолтой, сумынхаа сургуулийн 11-р ангид сурдаг, тав дахь жилдээ цанын спортоор хичээллэж байгаа юм. Түүний багш спортын мастер Д.Ичинхорлоо тус сумын сургуулийн биеийн тамирын багш бөгөөд аймгийн цанын шигшээ багийн дасгалжуулагчийн албыг давхар хашдаг билээ. 2010 оны улсын хошой аварга тэрбээр олимпийн наадамд оролцох эрхээ өнгөрсөн жил Эстонид болсон өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авчээ.
15 настай А.Энх-Ариун нь нийслэлийн арван жилийн нэгдүгээр сургуулийн аравдугаар ангийн сурагч. Гавьяат тамирчин Л.Цэнд, Г.Болд, Д.Энхбаяр нарын удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийдэг юм. Канад, Герман, Норвегид болсон цуврал тэмцээнд хурд сорьсоор Австри улс руу зорих эрхийн бичгээ өвөртөлжээ.
Австрийн Инсбрук хотноо болох өвлийн олимпийн анхдугаар наадамд 60 гаруй улсын 1050 тамирчин 15 спортын төрөлд 63 багц медалийн төлөө тэмцэлдэнэ. Инсбрук хот өмнө нь 1964, 1976 онд өвлийн олимпийн наадмыг зохион байгуулж байсан туршлагатай хот билээ.
48 жилийн дараа Инсбрукийн олимп руу
December 9, 2011 by admin
Filed under Иннсбрук 2012, Мэдээ, Наадмуудын мэдээлэл
CITIUS, ATLIUS, FORTIUS
“Инсбрук-2012” залуучуудын өвлийн анхдугаар олимпийн наадамд оролцох хоёр дахь эрхийг тэшүүрчин охин эх орондоо авчирлаа. 15 настай Алтантулгын Энх-Ариун Канад, Герман, Норвегид болсон цуврал тэмцээнд хурд сорьсоор Австри улс руу зорих эрхийн бичгээ өвөртөлжээ. Нийслэлийн I сургуулийн аравдугаар ангийн сурагч, өсвөр үеийнхний тэшүүрийн улсын аварга, рекордч А.Энх-Ариуныг гавьяат тамирчин Л.Цэнд, Г.Болд, Д.Энхбаяр нар дасгалжуулсан байна.
Ариунаа охин өмнө нь “олимп”- од оролцож байсан туршлагатай нэгэн бөгөөд 2010 онд БНСУ-д өндөрлөсөн дэлхийн математикийн олимпиадад тархиа сорьсон удаатай. Ийнхүү 2012 оны нэгдүгээр сарын 13-22-нд Австри улсын Тироль мужийн Инсбрук хотноо болох залуучуудын өвлийн олимпод Төв аймгийн цаначин хүү Д.Өсөхбаяр, тэшүүрчин охин А.Энх-Ариун нар эх орноо төлөөлөн оролцох боллоо.
Дашрамд сонирхуулахад Монгол Улс түүхэндээ анх удаа 1964 оны нэгдүгээр сарын 29-нөөс хоёрдугаар сарын 9-нд энэхүү хотноо болсон өвлийн IX олимпод оролцсон түүхтэй.













