Olympic highlights #8: 78 days to go: сарын шилдэг, чөлөөт бөх, 29 дэх эрх, олимпийн бамбар …

May 10, 2012 by  
Filed under Лондон 2012, Пресс релиз

CITIUS, ATLIUS, FORTIUS

Olympic Highlights #8

“London 2012”

Олимп эхлэхэд 78 өдөр үлдлээ

Дөрөвдүгээр сарын шилдэг тамирчин Н.Төгсцогт

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, UBS телевиз, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн  жилийн 10-р сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Анхны шалгаруулалтанд амжилтаараа манлайлсан 5 тамирчин өрсөлдөж Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба 10-р сарын шилдгээр тодорсон юм. Харин 11-р сарын шилдэг тамирчнаар Нидерландын Амстердам хотноо болсон Жүдо бөхийн Гран При тэмцээний -78 кг-ийн жинд аваргалсан ОУХМ П.Лхамдэгд мөн тодорсон удаатай. Тэгвэл 12-р сарын шилдэг тамирчнаар манай шалгаруулалтанд 2 дахь удаагаа нэр дэвшсэн, Монголын спортын отгон гавьяат тамирчин марафоны спортын тамирчин Б.Сэр-Од Японы марафонд 2 дахь жилдээ дараалан түрүүлсэн амжилтаар тодорсон билээ. 2012 оны анхны сарын шилдэг тамирчнаар Жүдо бөхийн Мастерсийн тэмцээнд 2 дахиа түрүүлсэн ОУХМ С.Мияарагчаа, харин хоёрдугаар сарын шилдгээр мөн л жүдогийн тамирчин С.Ням-Очир, харин гуравдугаар сарын шилдэг сумогийн ертөнцөөс анх удаа тодорч, амжилттай барилдсан Какүрюү М.Ананд  олонхийн саналаар тодорсон юм.

Энэ сарын санал асуулгад өмнөх шалгаруулалтуудаас хамгийн олон буюу 8 хүн тэнцүүхэн өрсөлдлөө. Үзэгчид болон тусгай комиссийн гишүүдийн дунд явуулсан санал асуулгад олимпийн эрх олгох тэмцээнд таарсан өрсөлдөгч бүрээ илт давуу явсан Н.Төгсцогт 42 хувийн саналаар тэргүүлж энэ сарын шилдэг нь болсон юм. Удаах байруудыг Азийн хошой аварга болсон П.Лхамдэгд, чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээнд түрүүлж, Лондон явах тийзээ авсан Д.Отгонцэцэг нар эзэлжээ.

Олимпийн 29 дэх эрхийг Д.Сумъяа авлаа

Олон улсын жүдо бөхийн холбоо урьд шөнө эрхээ авсан нийт жүдочдийн нэрсийг зарлалаа. Манай улсаас эрхээ шууд авсан найман жингээс гадна нэг жинд Азийн холбооноос эрх авах байсан юм. Энэхүү эрхийг 57 кг-ийн жинд барилддаг ОУХМ Д.Сумъяад олгохоор шийджээ. Д.Сумъяа нь Монгол улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одын шавь бөгөөд багшийнхаа зуун дамнан босоо байсан жинд ийнхүү олимпийн наадамд зодоглохоор боллоо. Тэрбээр олимпийн эрх олгох тэмцээнүүдээс нийт 350 оноо цуглуулж, жиндээ 27-д бичигдэж байсан юм. Гол оноонуудаа өнгөрсөн өвөл болсон Европын цуврал тэмцээнүүдээс авсан билээ. Та бүхэн Монголоос олимпийн эрх аваад буй жүдочдын нэрсийг үзнэ үү.

Чөлөөтийнхэнд чөлөө гарахгүй нь

Хэдхэн хоногийн өмнө Финляндын Хельсинк хотноо олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд оролцоод ирсэн чөлөөт бөхийнхэн ирэх амралтын өдөр Монголын бүх ард түмний спортын наадамд оролцоно. Тэмцээн 5 дугаар сарын 11-13-ны хооронд Спортын төв ордонд болох бөгөөд гуч гаруй байгууллагын 200 гаруй тамирчин хүч үзэх юм. Энэхүү тэмцээний гол онцлог нь олимпийн эрхээ аваад буй эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрвөн жингийн тамирчдын олимпод шалгарах гол шалгуур нь болох юм. Олон улсын чөлөөт бөхийн холбооноос олимпийн эрхийг хүнд нь бус улсад нь өгч буй билээ. Тэмцээний хуваарийг доороос үзнэ үү.

Тавдугаар сарын 11, Баасан гариг

12.00-17.00   Эмэгтэй 51, 59, 67 кг, эрэгтэй 55, 74 кг-ийн жингүүдийн

урьдчилсан болон дагах барилдаан

17.00-17.30   Тэмцээний нээлт

17.30-20.00   Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

            Тавдугаар сарын 12, Бямба гариг

12.00-19.00   Эмэгтэй 48, 63 кг, эрэгтэй 60, 84, 96 кг-ийн жингүүдийн

урьдчилсан болон дагах барилдаан

Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Тавдугаар сарын 13, Ням гариг

12.00-19.00   Эмэгтэй 55, 72 кг, эрэгтэй 66, 120 кг-ийн жингүүдийн

урьдчилсан болон дагах барилдаан

Шигшээ барилдаан, медаль гардуулах ёслол

Олимпийн бамбар Ариун Элладад бадамлан аслаа

“Лондон 2012” зуны олимпийн гучдугаар наадмын бамбарын галыг эртний олимп явагдаж асан Олимпия уулын хормойд асаалаа. Нарны гэрлийг ашиглан галыг асаадаг бөгөөд эртний Грекийн Зевс бурхнаас хулгайлж байна хэмээн бэлгэддэг юм. Олимпия уулын Хера бурхны сүмийн хажууд болсон уг ёслолд Олон улсын олимпийн хорооны Ерөнхийлөгч Жак Рогге, Лондоны олимпийн зохион байгуулах хорооны дарга Лорд Себастьян Коэ, Грекийн олимпийн хорооны хүндэт төлөөлөгчид тэргүүтэй 5000 гаруй хүн уг ёслолд оролцсон юм. Бадамлан ассан олимпийн гал ирэх долоо хоногийн турш Грек улсаар аялж, Их Британид шилжинэ. 5 сарын 19-нөөс эхлэн Их Британий бүх муж, аймгаар дамжин өртөөлөх юм. Ингээд 7 сарын 27-нд олимпийн цэнгэлдэхэд залрах билээ. Өнөөдөр бамбарын аяллын хамгийн анхны түүчээ нь усанд сэлэлтийн дэлхийн аварга Грекийн уугуул, Их Британийн суугуул Спирос Гианнитос байсан бол удаах өртөөчид нь мөн л Грек гаралтай Англи тамирчин Алекс Лукос, харин дараа нь Рио де Жанейро 2016 олимпийн наадмын зохион байгуулагчид барьж гүйх юм. (фото зургийн цомгийг www.facebook.com/teammongolia хуудаснаас үзнэ үү)

 

Эмэгтэй боксчид эрхийн төлөөх тулаанаа эхэллээ

Хятадын нийслэл Бээжингээс дорно зүгт 300 км-ийн зайд орших Чинхуандао хотноо эмэгтэй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлж байна. Саяхан Улаанбаатар хотноо болсон Азийн АШТ-нд түрүүлсэн Т.Болортуул (48 кг), Э.Уянга (64 кг) болон М.Нандинцэцэг (51 кг), О.Сувд-Эрдэнэ (60 кг) нар энэхүү тэмцээнд оролцох бөгөөд Монголын багийн ахлагчаар Монголын олимпийн боксын холбооны Ерөнхийлөгч Ч.Ганзориг, дасгалжуулагчаар Л.Энхбаатар, н.Нармандах, эмчээр Т.Цэрэнжав нар ажиллах юм.

Энэхүү тэмцээнд олимпийн буюу 51 кг, 60 кг, 75 кг-ийн жингүүдэд эхний найман байр эзэлсэн тамирчдад олимпийн эрх олгоно. Баг тамирчид маргааш жингээ үзүүлэн, сугалаагаа татах аж.

Монгол сэтгүүлч хоккейн ДАШТ-ийг сурвалжилж байна

Энэ өдрүүдэд Финландын Хельсинки, Шведийн Стокгольм хотуудад мөсний хоккейн дэлхийн аварга шалгаруулах 76 дахь удаагийн тэмцээн үргэлжилсээр байна. Тус тэмцээнийг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Сато хэмээх Ч.Отгонбаатар сурвалжилж байгаа бөгөөд түүний мэдээ, сурвалжлагыг “Таван цагариг” сонин, www.sportnews.mn вэбсайтаар уншигч сонирхогчдын хүртээл болгож байгаа ажээ. Тэрээр хоккейн ДАШТ-ээс өмнө Хельсинкид болсон чөлөөт, сонгомол барилдааны олимпийн эрх олгох барилдааныг сурвалжилж, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар, залуу мастер О.Үйтүмэн нар олимпийн эрхээ биелүүлсэн мэдээг монголчууддаа хамгийн түрүүнд хүргэсэн билээ.

Зураг дээр: Ч.Отгонбаатар Зөвлөлтийн домогт хаалгач, Оросын хоккейн холбооны ерөнхийлөгч В.Третьякийн хамт

 

Олимп, паралимп 2020 он хүртэл хамтдаа

Олон улсын олимп болон паралимпийн хөдөлгөөн нь хэдийгээр тусдаа үйл ажиллагаатай, үзэл баримтлалтай ч өөрсдийн наадмыг хамт зохион байгуулж ирсэн билээ. Хоёр талын хамтарсан шийдвэрээр 2020 он хүртэл олимпийн наадам болон паралимпийн наадмыг нэг хотод зохион байгуулах шийдвэр гаргасан байна. Дашрамд дурдахад Лондонгийн олимпийн наадам 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 12 хүртэл үргэлжлэх бол паралимпийн наадам 8 дугаар сарын 29-нөөс 9 дүгээр сарын 9-нийг дуустал явагдана.

Olympic highlights #7: 79 days to go: бамбар, Тийм Монголия үдэшлэг, тасалбар

May 10, 2012 by  
Filed under Лондон 2012, Пресс релиз

CITIUS, ATLIUS, FORTIUS

Olympic Highlights #7

“London 2012”

Олимп эхлэхэд 79 өдөр үлдлээ

Олимпийн бамбар Говьсүмбэр аймагт шилжлээ

Монголын үндэсний олимпийн хорооноос орон даяар “Таван цагаригийн бат холбоо” уриан дор өртөөлүүлэн аялуулж буй бамбар 4-р сард Дорноговь аймгаар бүтэн аялсны эцэст Гавьсүмбэр аймагт шилжлээ. Бамбарыг шилжүүлэх ёслолын ажиллагаа Дорноговь аймгийн Сайншанд хотын төв талбайд болж, Дорноговь аймгийн засаг даргын орлогч Ж.Галбадрах , ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны Олимп судлалын төвийн захирал Ж.Баасанхүү, 1968 оны олимпийн наадмын хүрэл медальт, Ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, аймгийн нийгмийн хөгжил, бодлогын хэлтсийн дарга, бамбар аялуулах комиссийн дарга Э.Энхжаргал, Дорноговь “Лондон” олимпийн зөвлөлийн дарга Я.Дорж, Дорноговь аймгийн БТСГ-ын дарга Ш.Гантулга, Говьсүмбэр аймгийн нийгмийн хөгжил, бодлогын хэлтсийн дарга н.Баяржаргал, олимпийн зөвлөлийн арга зүйч Б.Буянтогтох  нар оролцлоо. Өнгөрсөн 4-р сарын турш олимпийн бамбар Дорноговь аймгаар аялахдаа бүх сургууль, албан байгууллагаар аялж, олимпизмийг түгээн таниулжээ.

 

Олимпийн багийн үдэшлэг Лондон хотноо боллоо

Монголын үндэсний олимпийн хороо, “Тийм Монголия” төрийн бус байгууллага, Монгол улсаас Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух элчин сайдын яам, Их Британид амьдардаг монголчуудын холбоо хамтран “Монголын багаа дэмжье” арга хэмжээ Лондон хотноо боллоо. Лондон хотноо амьдардаг монголчуудыг олимпийн наадмын үеэр багаа нэгдсэн журмаар дэмжих, тэдэнд олимпийн уур амьсгал бүрдүүлэх зорилгоор зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд Монгол улсаас ИБУИНВУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Б.Алтангэрэл, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн наадмын мөнгөн медальт О.Гүндэгмаа, Монгол улсын гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат тэргүүтэй Монголын буудлагын шигшээ баг, Монгол улсын гавьяат тамирчин Б.Сэр-Од, дасгалжуулагч О.Оюунтуяа болон МҮОХ-ны төлөөлөгчид оролцлоо.

Үдэшлэгийн үеэр МҮОХ-ны дэмжиж буй “Тийм Монголия” төслийг (төслийн зохицуулагч Б.Баясгалан) албан ёсоор Англид суугаа монголчуудад танилцуулснаас гадна, МҮОХ-ны мэргэжилтэн Б.Хосбаяр,  Англид суугаа монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат нар олимпийн наадамд Монголын баг хэрхэн бэлдэж буй, олимпийн наадамд багаа хэрхэн дэмжих талаар яриа хийсэн юм.

Энэхүү арга хэмжээнд цугласан 120 гаруй хүн “Лондон 2012” олимпийн наадмын медалийг үзэх, хамтдаа зураг татуулах боломжтой байлаа. МҮОХ-ны “Алтан түнш” Рио Тинто компани нь олимп, паралимпийн наадмын 4700 гаруй алт, мөнгө, хүрэл медалийг Монголын газар шороо, “Оюу Толгой” болон, Юта мужийн Коннекут ордын дээж эрдэнэсээр бүтээж байгаа бөгөөд медалийн дээжийг арга хэмжээнд танилцуулсан юм.

 

Түүнээс гадна Монголыг дэмжигч Английн иргэд энэхүү арга хэмжээнд оролцож өөрсдийн санал бодлоо солилцлоо.

ОТО олон улсын олимпийн хорооны хуралд

Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан ОУОХ-ны байнгын хорооны гишүүн болоод удаагүй байгаа билээ. Тэрбээр Швейцарийн Лозанн хотноо ОУОХ-ны “Спорт хүрээлэн буй орчин” байнгын хорооны хуралд өнгөрөгч өдрүүдэд оролцлоо. Уг хурлыг ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге, комиссийн дарга Пал Шмидт нар  удирдсан юм.

4-р сарын шилдэг тамирчин маргааш тодорно

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Спортын маркетингийн агентлаг, UBS телевиз хамтран тодруулдаг сарын шилдэг тамирчны нэр маргааш тодорхой болох ажээ. Сар тутмын спортын ертөнцөд болж өнгөрсөн үйл явдлыг нэгтгэх, баг тамирчдаа урамшуулах зорилгоор өнгөрсөн оны 10-р сараас уламжлал болгон тодруулж эхэлсэн энэ удаагийн шалгаруулалтанд өнгөрсөн сард олимпийн эрхээ авсан Н.Төгсцогт, Б.Түвшинбат (бокс), П.Өнөрбат, О.Бурмаа, С.Бямбацэрэн, Д.Отгонцэцэг (чөлөөт бөх), жүдо бөхийн азийн аварга болсон П.Лхамдэгд, М.Уранцэцэг нар нэр дэвшсэн юм.

 

 

Нэмэлт тасалбарууд худалдаанд гарлаа

Лондонгийн олимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Лорд Себастьян Коэ өчигдөр олимпийн наадмын 900 мянган шинэ тасалбарыг худалдаанд гаргаж буйг зарлалаа. Хамгийн эрэлттэй тасалбар болох нээлт, хаалтын ёслолын ажиллагаа, хөнгөн атлетикийн 100 м-ийн шигшээ гүйлтийн тасалбарууд уг багцад хамаарагдаж байгаа аж. Эдгээр тасалбарыг хамгийн эхний ээлжинд өнгөрсөн жил тасалбар зарах сугалаанд азгүйтсэн хүмүүст шууд олгох гэнэ. Мөн олимпийн наадмын түүхэнд анх удаа Олимпийн парк руу нэвтрэх тасалбарыг борлуулж байгаа аж. Нийт 70 мянган тасалбарыг 10 паундаар зарах гэнэ. Тодорхой цагийн хуваариар 5 сарын 17-ныг дуустал тасалбарыг зарах юм.

Чөлөөт, сонгомол бөхийн тамирчдын нэрс тодорлоо

Америк тивийн олимпийн эрх олгох тэмцээн өндөрлөснөөр чөлөөт, сонгомол бөхөөр олимпийн наадамд оролцох нийт бөхчүүдийн нэрс тодорлоо. Америкийн нэгдсэн улсын баг эрэгтэй, эмэгтэй, сонгомол бөхийн төрөлд бүх жинд эрхээ авснаар хамгийн том буюу 18 хүнтэй баг илгээх бол ОХУ-ын 16, Казахстаны 15 бөх Лондонг зорихоор болжээ. Манай улсаас нийт 8 бөх оролцох билээ.

Olympic highlights #6: 80 days to go, ёслолын хувцас, сургалт, чөлөөт …

May 10, 2012 by  
Filed under Лондон 2012, Пресс релиз

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолд өмсөх хувцсыг батлав

2012 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн “Лондон 2012” олимпийн наадамд бэлдэх үндэсний хорооны хурлаар олимпийн наадамд Монголын багийн өмсөх ёслолын хувцасны загварыг албан ёсоор баталлаа.

Энэ удаагийн ёслолын хувцсыг “Шилмэл загвар” компани хийж байгаа бөгөөд дизайнер Б.Цогтгэрэл урлажээ.


Өсвөр үеийнхэнд олимпийн боловсрол олгох арга зүй” сэдэвт туршлага солилцох уулзалт болно

МҮОХ-ноос олимпийн зөвлөлийн захирал, арга зүйч нарын дунд “Олимпийн боловсрол олгох арга зүй” сэдэвт туршлага солилцох өдөрлөгийг 2012 оны 5 дугаар сар 9-ний 14,00 цагаас Баянзүрх дүүргийн 33-р сургуулийн байранд зохион байгуулах гэж байна. Уг уулзалтанд ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, олимп судлалын төвийн захирал Ж.Баасанхүү, Монгол улсын хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, Дархан аварга Х.Баянмөнх нар болон олимпийн салбар зөвлөлийн захирал, арга зүйч нийлсэн 120 гаруй төлөөлөгч оролцох юм. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья.

Чөлөөт бөхийнхэн хэвлэлийн бага хурал хийнэ

Монголын Чөлөөт бөхийн холбооны удирдлага ,багш дасгалжуулагчид,  “Лондон-2012” Зуны олимпийн наадмын эрхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчид оролцсон хэвлэлийн бага хурал 2012 оны 5-р сарын 9-ны Лхагва гаригт спортын төв ордоны хурлын зааланд болно.

Путиний анхны албан уулзалт нь Жак Роггетой

Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Владимир Путиний ажлаа аваад Кремльд уулзсан анхны хүн нь ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Рогге байлаа. Путин Ерөнхийлөгчийн алба хаших хугацаандаа хийх хамгийн гол ажлуудын нэг нь “Сочи 2014” өвлийн олимпийн наадам хэмээн үзэж буй бөгөөд энэ утгаараа Жак Роггетой уулзахыг хүсчээ. Уулзалтын үеэр Путин ирэх 10 жилд ОХУ дэлхийн спортын гол өнгийг тодорхойлогч улс болохыг хүсч, Сочигийн олимпийн наадам төдийгүй 2018 оны ДАШТ-ийг амжилттай зохион байгуулахаа мэдэгджээ. Жак Рогге “ОХУ-д ганц өвлийн олимпийн наадам болохгүй, цаашдаа хөнгөн атлетикийн ДАШТ, хөлбөмбөгийн ДАШТ, оюутны Универсиад, усан спортын ДАШТ,  Формула-1-ийн гран при гээд олон уралдаан тэмцээн болно. Тиймээс Оросын спортыг гэрэлт ирээдүй хүлээж байна” гэжээ.

Нээлтийг шууд үзэх үзэгчдийн тоо Бээжингийн олимпийнхийг гүйцэхгүй

Олон улсын судалгааны FS+E компани Лондоны олимпийн нээлтийн ажиллагааг цэнхэр дэлгэцээр шууд үзэх үзэгчдийн тоо Бээжингийн олимпийн наадмыг үзсэн үзэгчдээс илүү гарахгүй хэмээн үзэж байгаа гэнэ. Энэ нь гол зах зээл болох Азид  шөнийн цаг таарч буйтай холбоотой ажээ. Бээжингийн олимпийн наадмыг олон 2 тэрбум гаруй хүн үзсэн гэсэн тооцоо байдаг гэнэ. Гэсэн хэдий ч уг судалгааны компани нийт үзэгчдийн тоо 500 саяыг давна гэдэгт итгэлтэй байна.

 

Olympic highlights #5: 81 days to go, Жүдо, бамбар, стадион …

CITIUS, ATLIUS, FORTIUS

Олон улсын жүдо бөхийн холбоо эрхээ авсан жүдочдыг зарлалаа

Олон улсын жүдо бөхийн холбоо 5 сарын 5-нд олимпийн эрхээ авсан жүдочдын нэрсийг зарлалаа. Нийт 252 жүдочний нэрийг зарласан бөгөөд эрэгтэйчүүдийн эхний 22 байр, эмэгтэйчүүдийн 14 байр эзэлсэн тамирчид эрхээ шууд авч байгаа юм. Манай улсаас нийт найман жинд 12 бөх эрхийн болзлоо хангажээ. Харин 5 сарын 10-нд Монголын жүдо бөхийн холбоо эдгээр найман жинд олимпийн наадамд оролцох тус бүр нэг жүдоч болон манай улсад олгох нэмэлт нэг жүдочийн нэрийг МҮОХ-нд албан ёсоор мэдэгдэх болно. Read more

Олимп эхлэхэд 88 өдөр үлдлээ: Чөлөөтийн баг хүчээ зузаатгасаар

April 30, 2012 by  
Filed under Лондон 2012, Чөлөөт бөх

CITIUS, ATLIUS, FORTIUS

БНХАУ-ын Тайюнь хотноо болж өнгөрсөн чөлөөт бөхийн олимпийн эрх олгох тэмцээнд манай тамирчид дөрвөн эрх нэмж авлаа. Эрэгтэчүүдийн 74 кг-ийн жинд хүч үзсэн ОУХМ П.Өнөрбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогтВьетнамын бөх Кан Дат Дүг, 2-р тойрогт Хятадын Жан Чунгяог,олимпийн эрхийн төлөө Туркын Дэмиратэс Сонерийг тус тус яллаа. Ийнхүү тэрбээр манай чөлөөт бөхийн гурав дахь, эрчүүдийн хоёр дахь эрхийг өвөртөлсөн юм.

55 кг-ийн жинд ОУХМ, дэлхийн залуучуудын аварга Азербайжан, Германы бөхчүүдийг ялсан ч БНСУ-ын бөхөд ялагдсанаар эрхээ авч чадсангүй.

60 кг-ийн жинд спортын мастер Б.Баянмөнх Узбекистаны бөхийг ялж, удаах тойрогт БНАСАУ-ын бөх Жён Му Рид ялагдлаа. Энэ жинд БНСУ, БНАСАУ, АНУ-ын бөхчүүд олимпийн эрхээ халаасалсан юм.

66 кг-ийн жинд спортын мастер Г.Мянганбаяр хүч үзлээ. Гвиней Бисаугийн тамирчинг эхний тойрогт ялсан ч Туркийн бөхөд ялагдаж тэмцээнээ өндөрлөсөн. 84 кг, 96 кг-ийн жинд ОУХМ Д.Өсөхбаатар, Ч.Ганзориг нар өрсөлдөгчдөө барсангүй ээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд ОУХМ Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт хийлж  хоёрдугаар тойрогт  Узбекистаны Якшимуратова Даулетбекийг 6-0, 4-0-ээр , гуравдугаар тойрогт Румыны Добре Эстераг  6-0, 7-0-ээр, олимпийн эрхийн төлөө Украйны дэлхийн аварга Когут Олександраг 1-3, 2-1, 4-0 харьцаагаар ялж улмаар аваргын төлөө Украйны  Ванеса Каладзинскаяаг яллаа.

55 кг-ын жинд С.Бямбацэрэн нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чехын Ленка Мартинаковаг 2-0, 2-0-ээр, гуравдугаар тойрогт Румыны Ана Мария Павалыг  1-0, 1-1 харьцаагаар ялж,  олимпийн эрхийн төлөө Беларусын Залина Сидаковаг  1-0, 1-3, 4-0-оор ялж аваргын төлөө БНАСАУ-ын Ким Ок Ханд хожигдлоо.

72 кг-ын жинд О.Бурмаа нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Польшийн Вишек Кордус Аниешкаг 0-1, 1-0, 1-0 –оор ялж, хоёрдугаар тойрогт Энэтхэгийн Прит Каур Гуршараныг 1-0, 4-0 харьцаагаар ялж олимпийн эрхийн төлөө Норвегийн Маяа Эрландсенг  0-1, 3-1,4-4 харьцаагаар ялж ,аваргийн төлөө Молдавын Светланаг яллаа. Эмэгтэй 63 кг манай улс эрх авсан байсан ингээд манай эмэгтэй бөхчүүд олимпод бүтэн багаар орох боллоо.

Ийнхүү Монгол улс одоогоор олимпийн 18 эрх аваад байна. Чөлөөт бөхийн дараагийн эрх авах тэмцээн 5 сарын 4-6-нд Финляндын Хельсинк хотноо болно.

(Монголын чөлөөт бөхийн холбоо)

Б.Түвшинбат олимпийн 14 дэх эрхийг авлаа

April 12, 2012 by  
Filed under Бокс, Лондон 2012

CITIUS, ATLIUS, FORTIUS

Казахстаны нийслэл Астана хотод  олимпийн эрх олгох боксын тэмцээн үргэлжилж байна. Энэ тэмцээний 52 кг-ийн жинд өрсөлдсөн Н.Төгсцогт монголын багийн 13 дахь олимпийн эрхийг аваад байсан. Харин түүний араас 69 кг-ын жинд өрсөлдсөн   ОУХМ Б.Түвшинбат эх орныхоо 14 дэх эрхийг авлаа. Тэрээр хагас шигшээ тулаанд  БНСУ-ын тамирчин Ким Жун-Вонтой тоглож, 29:17 (12:6; 5:6; 12:5) харьцаатай өрсөлдөгчөө буулган авснаар мөнгөн медалийн болзол хангаж, Лондонг зорих эрхтэй болсон юм. Тэрбээр өнөөдөр аваргын төлөө БНХАУ-ын тамирчин Чьён Майматите Рсунтай тоглох юм. Read more

Н.Төгсцогт Лондоны олимпийн 13 дахь эрхийг авлаа

April 10, 2012 by  
Filed under Бокс, Дотоод, Лондон 2012

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт Пакистаны боксчин боксчин Мухаммед Вассимийг 22-9-өөр ялснаар олимпийн эрхээ авлаа. Монгол улсын олимпийн 13 дахь эрхийг авсан тэрбээр ирэх даваанд Японы Кацуаки Сусатай маргааш хүч үзэх ажээ.

Харин ОУХМ З.Энхзориг эхний тойрогтоо хийлсэн ч шөвгийн наймд Хятадын боксчин Лиу Чианд 15-12-оор ялагдсан юм. Түүний 60 кг-ийн жинд олимпийн нэг л эрх олгох байсан билээ.  69 кг-ийн жинд хүч үзэж буй ОУХМ Б.Түвшинбат маргааш БНСУ-ын тамирчин Ким Жун Вонтой олимпийн эрхийн төлөө тулалдана. Түүний жинд нийт 3 боксчин эрхээ авах ёстой билээ. Манай боксчин ялагдах аваас Ким Жун Вон алтан медаль авахад олимпийн эрхээ өвөртлөх билээ.

Боксчид олимпийн эрхийн төлөө

April 8, 2012 by  
Filed under Бокс, Лондон 2012

CITIUS, ATLIUS, FORTIUS

Казахстаны Астана хотод үргэлжилж байгаа AIBA -гийн олимпийн эрх олгох Ази тивийн сүүлчийн тэмцээн гурав дахь өдрөө амжилттай болж өнгөрлөө. Энэ өдөр Монгол улсын гавьяат тамирчин,  “Милан–2009″ дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт Энэтхэгийн боксчинтой оноолт таарч ялалт байгуулжээ.

52 кг-ийн жинд өрсөлдөж байгаа залуу гавьяат маань эхний даваанд Филиппиний боксчинг ялсан бол энэ удаад Энэтхэгийн боксчин Суранжой Мэйнгбам Сингхийг 30–10 оноогоор ялсан байна. Эхний үед 6–2, хоёрдугаар үед 9–4, харин сүүлчийн үед  15–4 тус тус илт давуу ялалт байгуулжээ. Энэ Энэтхэг эр 1986 онд төрсөн бөгөөд 2010 оны Азийн наадмын аварга боксчин юм.

Манай тамирчны дараагийн өрсөлдөгч нь өдгөө 25 настай Пакистаны боксчин Мухамед Васеем аж. Н.Төгсцогт энэ эрийг ялж чадвал медальд хүрэх цаашлаад олимпийн эрхээ авах бүрэн боломжтой болох юм. 52 кг жинд Ази тивд өгсөн 6 эрхээс одоо 4 үлдээд байгаа бөгөөд энэ тэмцээнд хүрэл медаль авахад л Лондон явах тийзээ захиалах боломжтой болох юм.

Мөн өчигдөр 75 кг жинд өрсөлдөж байгаа Төмөрхуягийн Чулуунтөмөр Киргызстаны боксчин,  залуучуудын дэлхийн аварга Далибаев Исломзонтой өрсөлдөж 16 – 15-аар ялалт байгуулжээ. Манай боксчин эхний үед 4 – 6 -аар ялагдсан ч, хоёрдугаар үед 4 – 4 -өөр тэнцэж, харин шийдвэрлэх сүүлийн үед 8 – 5-аар өрсөлдөгчөө ялж чадсанаар нэг оноогоор тун чухал ялалт байгууллаа.

Одоо шөвгийн наймд түүнийг хүнд даваа хүлээж байна. Бээжингийн олимп болон Миланы дэлхийн аваргад тус тус хүрэл медаль хүртэж байсан Энэтхэгийн боксчин Вижендер Кумартай олимпийн эрхийн төлөө болон медалийн төлөө тоглох нь.

Маргааш 75 кг жинд Т.Чулуунтөмөр болон 81 кг жинд Сандагсүрэнгийн Эрдэнэбаяр нар тоглолт хийх аж. 81 кг жинд харьцангүй цөөн тамирчид оролцож байгаа. Ази тивд олгогддог 7 эрхийн 4 нь аль хэдийнэ эзэнтэй болсон тул энэ удаагийнх 3 эрхийн төлөө өрсөлдөж байгаа. Манай тамирчин нэг ялвал медальд хүрэх боломжтой бөгөөд хоёр ялвал Лондон явах нь тодорхой болно гэсэн үг. Харин эхний даваагаа даваад удаад нь ялагдвал тэр ялсан тамирчинаа алт аваасай гэж залбирах хэрэгтэй болно. Манай хүн эхний даваанд Тажикстаны боксчин Жакон Курбановтой тоглоно.

 

Олимпийн аварга Э.Бадар-Ууган “Лондон 2012″ наадмыг өнжинө

March 21, 2012 by  
Filed under Бокс, Лондон 2012

CITIUS, ATLIUS, FORTIUS

Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн аварга, дэлхийн дэд аварга Э.Бадар-Ууган олон жил түүнийг зовоосон ужиг гэмтлийн улмаас Лондоны олимпийн наадамд оролцохгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Казахстаны нийслэл Астана хотноо болох олимпийн эрх олгох тэмцээний багийн бүрэлдэхүүнд түүний нэр багтаагүй юм. Гэсэн хэдий ч Э.Бадар-Ууган бэртлээ бүрэн илааршсаны дараа 2016 оны Рио де Жанейрогийн олимпийн аваргын төлөө дайрах болно гэдгээ мэдэгджээ.

Шотландын төлөөлөгчид “Олимпик хаус”-д

February 2, 2012 by  
Filed under Дотоод, Лондон 2012

CITIUS, ATLIUS, FORTIUS

Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Шотландын бизнес төлөөлөгчид Монгол улсад айлчлал хийж байна. Өнөөдөр тэдний төлөөлөл болох Монгол, Их Британийн худалдааны танхимын дарга Жон Гроган, Глазго хотын Их сургуулийн гадаад харилцааны албаны дарга Ян Томпсон нар МҮОХ-ны байранд зочилж “Лондон-2012” олимпийн наадам болон бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо. Тэднийг МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч Ц.Дамдин, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар хүлээн авсан юм.  Ноён Жон Грагон Их Британийн парламентийн гишүүнээр 13 жилийн турш ажиллаж байсан туршлагатай улс төрч бөгөөд өдгөө хоёр орны бизнес, худалдааны хамтын ажиллагааны төлөө хүчин зүтгэж буй нэгэн аж. Тус байгууллага ирэх олимпийн наадмын үеэр хоёр орны бизнес уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэхүү үйл ажиллагаанд МҮОХ-ны зүгээс хамтран ажиллах хүсэлтээ мөн тавилаа. Глазгогийн их сургуулийн профессор ноён Ян Томпсоны хувьд Монгол улсад айлчлал хийх хугацаандаа МУИС-тай хамтран ажиллах тухай ярилцжээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд спортын чиглэлээр оюутан сургах боломжтойг ч дурдсан юм.

Дашрамд дурдахад Шотландын хамгийн том хот Глазго нь Лондоны олимпийн наадмын хөлбөмбөгийн тэмцээний зарим тоглолтыг зохион байгуулах бөгөөд 2014 оны “Хамтын нөхөрлөлийн орнуудын наадам”-ыг зохион байгуулахаар сонгогдсон спортын их уламжлалтай хот билээ.

Page 1 of 41234