2017-02-24

Хоккейчид Хонгконгийн багийг буулгаж авлаа



Азийн 8-р өвлийн наадмын хоккейн төрөлд өрсөлдөж буй Монгол улсын шигшээ баг 4 дэх тоглолтоо Хонгконгийн багтай хийлээ. Медалийн найдлагаа хадгалж үлдэхийн тулд заавал хожих шаардлагатай байсан энэ тоглолтыг манай баг “гайхалтай” эхлүүлж, 4 гоол дараалж оруулан улмаар энэ давамгайллаа алдсангүй, 8:6-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулгаж авлаа.

 

Манай багийн довтлогч П.Батзаяа 2 минутын зайтай 2 гоол оруулж, улмаар З.Батгэрэл, Б.Цэрэнбалжир нар 3 минутын дотор 2 гоолыг хийснээр манай баг тоглолтыг 4:0-ээр тэргүүлж эхэлсэн. Улмаар 1-р үеийн төгсгөлд Б.Цэрэнбалжир, Ц.Шинэбаяр нар нэмж гоол оруулснаар эхний үе 6:2-оор өндөрлөсөн юм. 2-р үед орсон цорын ганц гоолын эзэн нь манай багийн ахлагчаар талбайд гарсан Г.Тамир байлаа. Гэсэн ч Г.Тамир гэмтлийн улмаас тоглолтоо дуусгаж чадсангүй, талбайг орхисон билээ.

 

 

Улмаар 2 болон 3-р үед тус бүр 2 гоол оруулснаар Хонгконгийн бага сэргэлт авч, эрчтэй довтолгоог үзүүлж байсан ч манай багийн хамгаалалт сайн байж, тоглолтын төгсгөлд Б.Болдбаяр хоосон хаалганд гоол оруулснаар эцсийн цэгийг тавин тоглолт өндөрлөлөө.

 

Энэ тоглолтонд Б.Цэрэнбалжир 2 гоол, нийт 3 оноог, Б.Болдбаяр 1 гоол, нийт 4 оноог авч багаа тэргүүлжээ. Манай баг Хонгконгийн багтай өмнө нь 3 тоглохдоо ердөө нэг хожоод байсан юм.

 

Энэ тоглолтонд ялалт байгуулснаар манай баг 6 оноотой болж хүснэгтийн байраа урагшлуулж чадлаа. Өнөөдөр дивизионыг тэргүүлэгч Тайланд нэмэлт цагт Тайваныг хожсноор манай багт медаль хүртэх найдвар үлдээж чадсан. Бүх зүйл сүүлчийн тоглолт буюу Тайвантай хийх тоглолтоос хамаарна. Тоглолт 2-р сарын 25-нд УБ-ын  цагаар 11:00-д явагдах юм.

 

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД