2017-10-11

9-Р САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИНД НЭР ДЭВШИГЧИД



Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн
уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд
өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд
болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулж
байгаа билээ.
Өнгөрсөн сард олгосон эхний шагналыг Францын нийслэл Парис хотноо зохион
байгуулагдсан чөлөөт бөхийн дэлхийн аваргаас алтан медаль хүртсэн П.Орхон
болон Унгарын нийслэл Будапешт хотноо зохион байгуулагдсан жудо бөхийн
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн МУГТ Д.Сумъяа нар хамтран
хүртсэн юм.
9-р сард манай тамирчид амжилт, медалийн ургац сайтай байлаа. Азийн
танхимын болон тулааны спортын наадмаас манай тамирчид нийт 30 медаль
хүртсэн бөгөөд тус наадмын аваргууд болох А.Мөнхцэцэг /бүст барилдаан
болон туркмен үндэсний бөхийн төрөлд нийт 3 алтан медаль, нэг мөнгөн медаль
тус тус хүртсэн/, Ц.Батцэцэг, М.Анхцэцэг нар сарын шилдэг тамирчинд нэр
дэвшиж байгааг онцлоход таатай байна. Тэднээс гадна чөлөөт бөхийн Армийн
ДАШТ -ний аваргууд болох П.Орхон болон Г.Отгонжаргал, 13 настайдаа
Шатрын спортын өсвөрийн дэлхийн аварга болсон Д.Батсүрэн, Мэргэжлийн
сумогийн Нацү башёд түрүүлсэн их аварга Харумафүжи Д.Бямбадорж, Оюутны
дэлхийн аварга болсон 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг болон хөлбөмбөгийн
лигт 3 дахь жилдээ дараалан түрүүлсэн Эрчим багууд нэр дэвшлээ.
"Сарын шилдэг тамирчин"-г спортын сэтгүүлчид болон олон нийтийн нээлттэй
санал асуулгын үр дүнд тодруулах бөгөөд шалгаруулалтыг сар бүрийн эхний
хагаст явуулах болно.

ЕСДҮГЭЭР САРЫН МОНГОЛЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН

ШАГНАЛД НЭР ДЭВШИГЧИД

1. М.Анхцэцэг – хүндийг өргөлт, алтан медаль, Ашгабат 2017
2. Д.Батсүрэн – шатар, алтан медаль, өсвөрийн ДАШТ
3. Ц.Батцэцэг – жүжицү, алтан медаль, Ашгабат 2017
4. Д.Бямбадорж – мэргэжлийн сүмо, түрүү, Нацү башё
5. А.Мөнхцэцэг – бүст барилдаан, туркмен үндэсний бөх, 3 алтан медаль, 1
мөнгөн медаль, Ашгабат 2017
6. П.Орхон – чөлөөт бөх, алтан медаль, армийн ДАШТ
7. Г.Отгонжаргал – чөлөөт бөх, алтан медаль, армийн ДАШТ
8. Эрчим клуб – хөлбөмбөг, Үндэсний лигийн аварга
9. 3x3 шигшээ баг – сагсан бөмбөг, Оюутны дэлхийн аварга

САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИН ТОДРУУЛАХ ЖУРАМ

Сар бүрийн эхний хагаст тодрох сарын шилдэг тамирчинг тодруулахдаа дараах
зарчмыг баримтална.
1. Спортын сэтгүүлчдийн санал - 50 хувь /Монголын спортын сэтгүүлчдийн
холбоотой хамтран/
2. Онлайн санал асуулга - 50 хувь /цахим сайтууд, бусад онлайн хэрэгслүүдээр/
Энэ сарын шалгаруулалт 10-р сарын 13 хүртэл үргэлжлэх бөгөөд шилдэг
тамирчны шагналыг дараагийн долоо хоногт нь гардуулах болно.

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД