2018-02-12

"ПЁНЧАН-2018" - ОЛИМПИЙН НААДМЫН ШИНЭ, СОДОН ЗҮЙЛС#2



Хүн төрөлхтний спортын их баяр наадам "Пёнчан-2018" Өвлийн XXIII олимп энэ сарын 09-ний өдөр нээлтээ хийж, Олимпийн аваргууд тодорсоор байгаа билээ.

ЭНХ ТАЙВАН, ЭВ НАЙРАМДАЛ - ХОЁР СОЛОНГОС

Олон улсын олимпийн хорооноос 01 дүгээр сарын 09-ний өдөр БНАСАУ-ыг “Пёнчан - 2018” Өвлийн олимпийн наадамд оролцуулах зорилгоор улс орнуудын олимпийн наадамд оролцох хүсэлт хүлээн авах хугацааг тодорхой хэмжээгээр сунгасан билээ. 01 дүгээр сарын 11-ний өдөр Хойд Солонгосын баг тамирчид Пёнчан-2018 Өвлийн олимпийн наадамд оролцохоо албан ёсоор мэдэгдэн, 01 дүгээр сарын 20-ны өдөр Олон улсын олимпийн хороо, Олимпийн наадам зохион байгуулах хороо, Хоёр Солонгосын төлөөллүүд Швейцар улсын Лозанна хотноо Олон улсын олимпийн хорооны төв байранд хуралдан шийдэлд хүрсэн аж.

Хоёр Солонгос нэг далбаан дор нээлт болон хаалтын үйл ажиллагаанд өмнө нь “Сидней 2000”, “Афин 2004”, “Турин 2006” гэсэн Олимпийн наадмуудад хамтдаа жагсаж байсан.

undefined

Ийнхүү Олимпийн нээлтийн ёслолд Хоёр Солонгосын нэгдсэн баг тамирчид Солонгосын хойгийн туган дор жагссан бөгөөд мөн эмэгтэй хоккейн нэгдсэн баг Олимпийн наадамд хүч үзэж байгаа билээ. 

undefined

БНАСАУ-аас Олимпийн наадамд албаны төлөөлөгчид, тамирчин, дасгалжуулагчид зэрэг нийт 46 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд үүнд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун-ы төрсөн дүү Ким Ё Жон багтаж байгаа. 

undefined

02 дугаар сарын 10-ны өдөр БНАСАУ-ын төлөөлөгчдийг БНСУ-ын ерөнхийлөгч Мүн Жэ Ин хүлээн авч уулзан Хоёр Солонгосын цаашдын энх тайван, эв найрамдлын харилцаа Пёнчан-2018 Өвлийн олимпийн наадмаар дамжуулан илүү өргөжин тэлэх болно хэмээн мэдэгдсэн байна. Хойд Солонгосын төлөөлөгчид, удирдагч Ким Жон Ун-ы урилгыг Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д дамжуулсан байна.

undefined

ЦАГААН ОЛИМПТ АНХ УДАА ТООСОО ӨРГӨЖ БУЙ ОРНУУД

undefined

“Пёнчан 2018” Олимпийн наадамд анх удаагаа оролцож буй зургаан улс байгаа нь Эквадор, Эритрей, Косово, Малайз, Нигер, Сингапур гэсэн орнууд. Косово  улс хоёр жилийн өмнөх “Рио 2016” зуны олимпийн наадамд мөн анх удаагаа оролцож байсан билээ. Манай Монгол улсын тухайд 1964 оны Инсбрукийн Олимпийн наадмаас эхлэн Өвлийн Олимпд оролцож эхэлсэн бөгөөд 1976 оны Инсбрукийн Олимпийн наадмыг өнжсөнийг эс тооцвол бусад бүх Олимпийн наадмуудад оролцож байжээ.

 

РИО-ГИЙН ТОСЛОГ ЗАЛУУ ПЁНЧАНД

undefined

Олимпийн медалийн төлөө өрсөлдөхгүй ч Пёнчанд од болон гялалзах боломж Тонгагийн цаначин Пит Тауфатофуад бүрэн бий. Ард иргэд нь цас огт үзээгүй Тонга арлын энэ цаначин уг нь бол таэквондочин. Гэхдээ Риод түүнийг спортын амжилтаар нь биш нээлтийн ёслолд тос түрхээд цээж нүцгэн орж ирснээр нь сайн мэддэг болсон. Яг энэ янзаараа тэр хэдэн сарын турш телевизийн шоунд оролцсоор нэг мэдэхэд од болон хувирсан байсан. Дахиад олимпод орохын тулд дөрвөн жил хүлээхийг тэр хүсээгүй. Углаж ч үзээгүй цана сураад Өвлийн олимпод орохоор шийдсэн юм. ОУОХ-ны тусламжтайгаар тэр эхлээд дугуйт цанаар уралдаж сурсан. Дараа нь цастай танилцаж, гүйлтийн цанын ДАШТ-д оролцож, хамгийн сүүлийн уралдаандаа олимпийн норматив биелүүлж чадсан хүн.

Тэрээр Пёнчан - 2018 Өвлийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд мөн л биеэ тосолж орж ирсэн нь олны анхаарлыг татав.

 

ЗАЛУУЧУУДЫН ОЛИМПИЙН ОДОД ПЁНЧАНД ГЯЛАЛЗСААР

undefined

2007 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Гуатемала улсын Гуатемаласити хотноо болсон ОУОХ-ны 119 дэх чуулганаар Залуучуудын өвөл, зуны олимпийн наадмыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Залуучуудын олимпт 14-18 насны өсвөрийн тамирчид оролцох бөгөөд өсвөрийн хүүхэд, залуучуудыг спортод дур сонирхолтой болгож хүмүүжүүлэх, ирээдүйн спортын шилдэг оддыг бэлдэх зорилготой. 

"Инсбрук-2012" залуучуудын өвлийн олимпийн шорт трэкийн 1000м-ийн алт, 500м-ийн мөнгөн медальт 21 настай Солонгос залуу Лим Хё Жүнг, эх орондоо зохион байгуулагдаж буй Олимпийн наадмаас 1500м-ийн зайд алтан медаль хүртэв.
 
Мөн Солонгос залуугаас нэг насаар ах Герман залуу Андреа Велингер  "Сочи-2014" наадмын багийн төрөлд хүртэж байсан медалиа ихэрлүүлж,  цанын чөлөөт үзүүлбэрийн төрөлд алтан медалийн болзол хангаад байна. 
 

ЛОГО, МЕДАЛЬ, МАСКОТ

undefined

XXIII удаагийн наадмын лого нь Солонгосын ‘Hangul’ үсэгнээс санаа аван урласан бөгөөд спортын 15 спортын төрлийн бэлгэдлүүдийгг (пиктограм) мөн хангул үсэгнээс санаа авч урлажээ.

Тэмцээний хотын нэршлийн тухайд латин тэмдэглэгээгээр Pyeongchang гэдгийг Хойд хөрш БНАСАУ-ын нийслэл “Pyongyang” (Пхеньян) хотоос ялгахын тулд PeyongChang гэж бичихээр тогтжээ.

undefined

БНСУ өөрсдийн өв соёлыг Өвлийн Олимпийн наадмаар дамжуулан сурталчилж буй хамгийн сайн жишээ нь  медалийн загвар. Зөвхөн 15 спортын 102 тэмцээнд зүүгдэх медальд Солонгосын бичиг үсэг, үндэсний хувцас, барилга гэх зэрэг өв уламжлалтай холбогдолтой материалууд багтжээ.

 

СҮҮХОРАН - Олимпийн наадмыг илтгэх хамгийн том зүйл нь маскот буюу бэлэг тэмдэг байдаг билээ. Өвлийн Олимпийн XXIII наадмын бэлэг тэмдгээр Солонгосын ард түмнийг аюулаас хамгаалагч, итгэл, хүч чадлын бэлэг тэмдэг болсон Солонгос ардын үлгэрийн амьтан Сүүхораныг сонгожээ.

БАНДАБИ - Бандаби нь Солонгосчуудын хувьд хүч чадлын бэлэг тэмдэг болсон хар баавгай юм.  

1988 оны Сөүлийн Олимпийн бэлэг тэмдэг нь “Худури” нэртэй бар байсан билээ.

undefined

Холбоотой мэдээ



Олимпийн наадмууд-71




ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД