"ТОКИО-2020" ОЛИМПИЙН НААДМЫН ЭРГЭН ТОЙРОНД#2
Огноо:
2020-03-25

Таг:
Мэдээ

Мэдээ

"ТОКИО-2020" ОЛИМПИЙН НААДМЫН ЭРГЭН ТОЙРОНД#2

Шинэ төрлийн коронавирус буюу "ковид-19" цар тахал дэлхий даяар эрчимтэй тархаж байгаа нь Олимпийн хөдөлгөөний өдөр тутмын үйл ажиллагаа, тэр дотроо "Токио-2020" Зуны XXXII Олимпийн наадмын бэлтгэл ажилд ихээхэн хүндрэл учруулж байна. Олимпийн эрх олгох тэмцээнүүд болон уралдаан тэмцээн явагдах заал танхимын бэлтгэл ажлыг хангах тест арга хэмжээнүүд явагдах боломжгүй болоод байгаа юм. Үүнээс гадна зарим улсад хөл хорио тогтоосонтой холбоотойгоор баг, тамирчид бэлтгэл сургуулилалтаа өндөр түвшинд хийх боломжгүй нөхцөл үүсээд байна.

Үүнтэй холбоотойгоор Олон Улсын Олимпийн Хорооноос Үндэсний Олимпийн Хороод, олон улсын спорт холбоодтой тогтмол харилцаж, мэдээлэл солилцон, шаардлагатай шийдвэрүүдийг гаргаж, товлосон хуваарьт хугацаанд эхлүүлэх талаар боломжит бүх арга хэмжээг авсаар ирсэн билээ.

Өнгөрсөн ням гарагт буюу 3-р сарын 22-нд явагдсан ОУОХ-ны Гүйцэтгэх Зөвлөлийн хурлаар үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор зайлшгүй авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд, түүний дотор наадмыг хойшлуулах хүртэлх хувилбаруудыг хөндөж хэлэлцжээ.

ОУОХ-ны удаа дараалан мэдэгдэж байгаачлан Олимпийн наадамтай холбоотой аливаа шийдвэр нь бүх оролцогч талуудын эрэлт, хэрэгцээ, шаардлагыг хангасан байх учиртай тул дараагийн дөрвөн долоо хоногийн хугацаанд эцсийн шийдвэр гаргахаар товлосноо мэдэгдсэн байна. ОУОХ нь Японы Засгийн Газар, Токио хотын захиргаа, Токиогийн Олимпийг Зохион Байгуулах Хороотой тогтмол холбогдон, хамтран шийдвэр гаргах ажээ.

ОУОХ-ноос онцгойлон мэдэгдсэнчлэн Олимпийн наадмыг ямар ч тохиолдолд цуцлахгүй бөгөөд тамирчдын эрүүл мэнд, үзэгчдийн аюулгүй байдал, бусад оролцогч талуудын нөхцлийг сайтар тооцож шийдвэрээ гаргана.

Одоогоор Канад, Австралийн Үндэсний Олимпийн Хороо 2020 онд Олимп явагдвал тамирчдаа илгээхгүй гэж мэдэгдсэн бөгөөд Бразил, Словен, Колумб, Нигерийн Үндэсний Олимпийн Хороод хойшлуулах саналтай байгаагаа уламжлаад байна. Мөн Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбоо, АНУ-ын Усанд сэлэлтийн холбоо, АНУ-ын хөнгөн атлетикийн холбоо хойшлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа юм.

Монголын Үндэсний Олимпийн Хороо нь ОУОХ-ноос гаргаж буй аливаа шийдвэрийг хүндэтгэн дагах бөгөөд шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих байр суурьтай байгаа болно.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД